Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
“Соёлыг түгээе” төслийн багийн “Эвт үйлийг дэвжээхүй” аяны хоёр дахь 7 хоног эхэлж байна. Өнөөдөр миний бие “Эв эеийн үндэс нь хүмүүс бидний харилцаанд оршдог” гэсэн агуулгаар мэдлэг хуваалцана.
Бидний харилцаа элгэмсэг дотно, эвлэг эелэг, хүнлэг эрхэм, аядуу зөөлөн, нөхөрсөг, ёс журамт, зарчимч нийтэч байж гэмээнэ нь эв бэхжинэ. Харин бие сэтгэлээ уур ундууцал, атаа жөтөөгөөр дүүргэж, бардамнал омогшилоор хөөргөж, хараал зэвүүцлээр дэвэргэж, муу үгээр өөгшүүлж гэмээнэ бидний харилцаанд цав сууж эв эвдрэх нь гарцаагүй юм.
Иймийн тулд монголчууд “Биеэ мэдэж, бяраа тань” , “Хэвээ сахивал хэрэгт орохгүй”, “Харийн газар үгээ бэхэл, халуун зуураа эвээ бэхэл”, “Хэлэх үг хэмжээтэй, харах нүд хязгаартай”, “Ховч хүний үгээр голч хүнийг сэжиглэхвий, “Үүл сөрвөл бороо, үг сөрвөл хэрүүл” гэж сургадаг байж.
Хүмүүн бид өөрийн зан байдал, үг яриа, сэтгэл хөдлөлөө хянах асар их хүчийг сэтгэл, оюундаа төвлөрүүлж чаддаг гайхамшигт төрөлтөн. Энэхүү сэтгэлийн болоод оюуны хүч бидэнд ухаарал бэлэглэдэг. Ухаарал бол аливаа зүйлийн учгыг тайлагч хүчтэн. Иймийн тулд бид сэтгэл, оюунаа хүчтэй байлгах эрдэмд суралцах нь бүхнээс эрхэм юм.
Харвардын их сургуулийн эрдэмтэд 75 жилийн турш нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд хүнийг хамгийн их аз жаргалтай болгодог зүйл юу болохыг судалсан байна. Судалгааны дүнд “Дотно сайхан харилцаа” гэсэн хариулт гарч. Тэгвэл монгол хэлний тайлбар тольд “Эв” гэдэг үгийг “Хүмүүсийн дотно харьцаа” хэмээн тайлбарласан байдаг байна. Эндээс хүмүүс биднийг хамгийн их аз жаргалтай болгодог тэр зүйл бол “Эв” гэдэгтэй маргах аргагүй юм.
Иймийн учгаар харилцааныхаа орон зайг ямагт дотно сайхан харилцаагаар дүүргэж эвийг хичээж, эвт үйлийг дэвжээцгээе.