Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
“Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар”
Амьдралын урт хоногуудад зорьсон ажил нь бүтээмжтэй, энэ бие нь эрүүл саруул байхын тухайд хүмүүс өглөө бүр бодож, ерөөж, ямар нэгэн зүйлд даатгах нь ч бий. Харин хүмүүс хоорондоо эвтэй түнжинтэй, эвт үйлийг хөгжөөн, даган баясахын тухайд хэр их боддог бол. Та нар маань нэг эргүүцүүлээд үзээрэй !
Эвт үйлийг бүтээхэд хамгийн чухал нь нийт олны эрх ашиг, нэжгээд хүмүүсийн харилцаа юм. Ажил бүтээмжтэй, сэтгэл амгалан байхад хүмүүс хоорондын харилцаа юу юунаас эрхэм болохыг санаж, зан зангаа авахуйн тухайд хууч хөөрцгөөе.
Монгол хэлний тайлбар тольд “зан зангаа авалзах” гэж харилцан зан байдал, төлөвөө мэдэлцэх хэмээн тайлбарласан нь харилцаанд оролцогчид бие биенийхээ зан араншинг таних, ойлгох, мэдрэхийн тухайд л юм. Хүний занг нөхөрлөн байж, хамтдаа нэг бус үйлийг хийн байж мэддэг байх нь. Нэгэнт хамтрагчийнхаа зан байдал, төлөвийг мэдсэн цагт ааш аягт нь эвцэлдүүлэн, дадуулж зуршаасан сайн чадваруудаар аливааг нугалж болох нь ээ дээ.
Эвт үйлийг дэвжээхэд зан зангаа танихын чухалыг өгүүлж үл барам. Цаг хугацааг хожиж, эерэг нөхцөлд, ихийг бүтээх нь дамжиггүй.
Таагүй харилцаанаас үүдсэн ан цав урхаг ихтэй. Хэн нэгэнд гомдон туньж, хэдэрлэн авирлах нь энэ биений бас нэг ачаа. Иймд зан зангаа авалцаж, хүндлэн ойлгож, эвийг олж, сэвийг нь дарж хичээвээс эв эе үл ганхана. Зангаа авалцсан хань ижил, хамт олныхоо хайранд жаргаж, эвт үйлийг дэвжээх нь таны ухааны тактик болох нь ээ.
Зан зангаа авалцсан хэн нэгэндээ талархаж, манай хуудсаар дамжуулан ерөөл өргөөрэй.
Та, бид соёл түгээгч билээ.