Олны хүч эвэндээ
Олсны хүч эрчиндээ
Дуугарвал дуу нэг
Дугтарвал хүч нэг хэмээн монголчууд ярьдаг. Үнэхээр аливаа хамт олны сэтгэлийн хараа нэгэн зүгт байж гэмээнэ тухайн хамт олонд нийтэц, хамтач үзэл төлөвшиж эв эе тогтоно. Эв эе тогтсон байгууллагын ажил хэрэг өөдөө дээшээ байх нь дамжиггүй юм.
Би, Би гэх тусам зам нь жим болж, Бид, Бид гэх бүр жим нь зам болдог гэдэг. Тиймээс аливаа хамт олны үнэ цэнэ нь “Би” гэх аминч үзлийг халж, “Бид ” гэсэн нийтэч үзлийг эрхэмлэхэд оршино гэж би хувьдаа ойлгодог.
Чингис хаан эзэнт гүрнийг төвхнүүлэх их үйлсийг бүтээхдээ албатуудаа шударга чанар, үнэнч сэтгэл, хүргэсэн ач тус, байгуулсан гавьяа зүтгэлийг нь хамгийн түрүүнд харгалзан шагнадаг байж. Тухайлбал түүний зарлигт “өмөг туст нөхдөө” , “зөв явдлыг мөн зөвшөөрч, буруу явдлыг минь буцаан зогсоож байсан” , “үзсэнээ нуухгүй үнэн үгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгүй сонссон үгээ сонсгодог”, “улсыг тохинуулахад өрөөл жигүүр минь болж зүтгэж бүтээсний тул” хэмээсэн байдаг нь өөрийгөө үл огоорон чин үнэнчээр зүтгэсэн сэтгэл, зориг бол хувь хүний “БИ” гэх үзлээ давж бусдынхаа төлөө чин үнэнчээр зүтгэж чадсан “БИД” хэмээх үзлийг нь эрхэмд үзэж байсныг эндээс харж болохоор.
Иймийн тулд л бид өмнөх мэдээллүүдээрээ эв эеийн үндэс болсон хувь хүний элэгсэг дотно харилцаа, үнэнч шударга зан, тусч сэтгэл, итгэл даахуйн тухай онцолсон бөгөөд эдгээр бүгд нь байгууллага хамт олны хамгийн үнэ цэнэтэй зүйл гэдгийг ч давтан хэлэхийг хүслээ.
Атгасан шагай шиг баг хамт олон аливаа үйлийг хийхдээ эерэг зөвөөр хийж чаддаг. Ам нээвэл маргалдаж, ховоор үг хийж, хоёр үзүүрт зүү адил урваж шарваж, бие биедээ өс санан атаархаж, амиа бодож довоо шарлуулдаг аминчхан хүмүүс олон байвал байгууллага хамт олонд эв эе үл тогтох бөгөөд зорьсон үйл хэрэг ч бүтэхгүй.
Иймийн тулд хувь хүн Та байгууллагынхаа нэг эд эс, хөдөлгөгч хүч нь гэдгээ байнга санаж хамт олныхоо дунд эвийг бүтээгч нь байгаарай