Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
“Эх дэлхийгээ баясгахуй” . . .
Хүмүүн бидэнд шимт бүхнээ харамгүй хайрласан эх байгаль, эх дэлхий минь Хүмүүн биднийг халуун энгэртээ өлгийдөн, ундаалан тэтгэж, өсгөн бойжуулсан эх байгаль, эх дэлхий минь
Тандаа сүслэн залбиръя
Таныгаа энэрэн хүндэлье
Таныгаа хайрлан хамгаалъя . . . ийм л агуулгаар бид бүтэн сарын турш эх дэлхийгээ баясгах нь ээ.
Эх дэлхийн тухай ярихдаа бид юун түрүүн сав ертөнц, шим ертөнцийн зүй тогтол, шүтэн барилдлагын учгыг ухварлан ойлгох учиртай юм. Ийн бодож сав шим ертөнцийн тухайх онол, сургаалаас доорх тодорхойлолтыг онцоллоо.
“Сав ертөнц” гэдэг нь биднийг агуулж, тэтгэж тэжээж байдаг газар дэлхий, сансар огторгуй, од эрхэс тэдгээрийн бүрдэл байдаг бол “шим ертөнц” гэдэг нь хүн түүнчлэн амьд амьтан бүгдийг хэлдэг аж.
Наран ивээхгүй бол газар дэлхий өнгөө засахгүй, байгаль дэлхий хураа хайрлахгүй бол гол горхи нь тэжээгдэхгүй, гол горхи нь тэжээгдэхгүй бол хүн мал нь ундаасахгүй. Энэ л зүй тогтол нь сав шимийн шүтэн барилдлага бөгөөд, ерөөс ертөнц дахинд өөр хоорондоо холбоогүй зүйл гэж нэгээхэн ч үгүй гэдгийг залуус дүү нартаа хэлэхийг хүслээ.
Ийнхүү бид сав ертөнцөө аргадаж, нарандаа залбирч, од эрхэстээ сүсэглэж, уул овоогоо тахиж, лус савдагаа аргадаж эх байгальтайгаа холбогдсон хүйн холбоогоо бөхөлж, орчлон ертөнцийн оршихуйн жамыг дагаж ирсэн эцэг өвгөдийнхөө мэргэн ухаанаар бахархах учиртай юм.
Ийм учраас л Монголчууд уул, толгодоо хайрхан хэмээн хүндэлж, ус горхио рашаан хэмээн дээдэлж, ой модоо баян хангай минь хэмээн авгайлж аз хийморь , буян заяагаа даатган, сайн сайхан бүхнийг хүсэж хүндлэл үйлддэг аж. Ийм л утгын агуулгаар бид энэ 7 хоногт Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлал, ёс заншил, өв соёлын талаар хамтдаа ярилцах болно.