Та бүхэндээ зуны дунд сарын шинэхэн өглөөний мэндийг хүргэе. ![]()
![]()
: ![]()
AM
“Газар дэлхийгээ баясгахуй”
Газар дэлхийн үнэ цэнэ хүний унасан газар, хүй дарсан хөх чулуунаас эхлээд, сэтгэлд уяатай явдаг нутгийн уулс, эх орны минь дархан хил, туурга тусгаар Монгол улсын өв соёл, уламжлалд оршдог. Эх дэлхийгээ аргадах, шүтэх, бэлчээр нутгаа хамгаалах зан үйл, билэгдэл, цээрийг Монголчууд нэн эртнээс мөрдөж, өвлүүлж ирсэн.
Тухайлбал: Монгол эзэгтэй бүр цай сүүнийхээ дээжийг уул хангайдаа өргөж, дөрвөн зүйг найман зовхисын лус савдгийг аргаддаг. Нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэж, гүүн зэлний гадас, уяаны шон зэргээ нэг бүрчлэн авч нүхийг шороогоор дүүргэн будаа тариа өргөж нутагласан газраа хүндэтгэдэг уламжлалтай. Алганд багтдаг чулуунаас хүүхэд насны дурсамж өндөлзөж, аминчлан хайрлах учиртай газар шорооны үнэ цэнийг буурлуудаасаа сонсож, байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог хэмээн итгэж ухаарч өссөн.
Тиймээс ч өвөг дээдэс минь эх нутгийнхаа сөөм газрын төлөө алтан амиа хайрлахгүй тэмцэж улс орны оршин тогтнох үндэс болсон газар нутгаа хамгаалсан байдаг. Чухамхүү тэр түүхийг үргэлжлүүлж та бидний зүрхэнд, тархинд газар шороогоо гэх халуун сэтгэл багтаж, харцанд харагдаж, үйлдэл үйл бүхэнд хайрлахуйн, хамгаалахуйн сэдэл төрж чадваас хойч үед гэрэлт өдрүүд үргэлжилнэ.
Бид энэ нутагтаа төрж, өсөж, ажиллаж, амьдарч, шимт хөрсөнд нь ургасан тариа ногоогоор хүнс хоолоо базааж, эрдэнэт мал сүргээ бэлчээж үр өгөөжийг нь хүртэж, цаг нь ирэхээр хөрс шороондоо шингэнэ.
Иймийн учир хөрсний үржил шимийг алдагдуулалгүй байгальд ээлтэй аргаар хөрсөө боловсруулж тариалтаа хийх, бэлчээрийн зохистой ашиглалтыг мөрдөх, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх, хог хаягдлаа ил задгай хаяхгүй дэлхий ээжийн хэвлийг ариун байлгах, байгаль хамгаалах уламжлалт арга ухаанаа үр хойчдоо өвлүүлэх зэргээр өдөр тутмын амьдрал ахуйдаа зөв үйл хийх нь энх цагт эх нутгаа, газар шороогоо хамгаалж, хайрлаж буй, баясгаж буй илрэл болно.