Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
“Ургамал, сав шимээ баясгахуй”
Бидэнд өдгөө өвлөгдөн ирсэн Чингис хааны алдарт “Их Засаг” хууль, “Алтан хааны цааз бичиг”, Монголын Их Юань гүрний “Нэвтэрхий хууль”, “Дөчин дөрвөн хоёр их цааз”, “Ойрадын цааз”, “Халх Журам” хууль цаазын бичиг, “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг” зэрэгт байгаль хамгаалах тухай зарлигдан, даган мөрдүүлсээр иржээ.
Чингис хааны “Их Засаг” хуульд “Хэн ус руу шээвээс, өвс ургасан хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална” хэмээсэн байдаг нь байгаль хамгаалахад хичнээн анхаарч хууль цааз зөрчигсдийг хатуугаар цээрлүүлэн шийтгэж байсны нэг жишээ юм.
Монголчууд эртнээс байгаль дэлхийгээ бохирдуулах, сүйтгэхийг онцгойлон цээрлэдэг байсан бөгөөд хангайн хишгийг зөв хүртэх хэрэгтэй хэмээн “ургаа нойтон мод огтолбол мод сүүн нулимсаар уйлж, огтолсон хүнийг сүү, цагаан идээний хомсдолд хүргэнэ гэж”, “мөөгөн хүрээг дуустал түүдэггүй”, “ганцаараа сондгой ургасан модыг өнчин мод, удган мод хэмээн огтолдоггүй”, “нялх мод, ногоо өвсийг зулгаадаггүй” хэмээн сургаж байсан шүү дээ.
Хээр гал түлэхдээ өвс ургамалгүй, хад чулуу, сайр элс бүхий газрыг сонгон авч, “Хан эзэндээ ам гарахгүй, хангай дэлхийдээ түймэр тавихгүй” гэж андгайлан, хэтээ цахиж, галаа асаах бөгөөд явахдаа галаа бүрэн унтрааж түүнийгээ баталж, үнсэн дээр нь хуурай өвс тавьж явдаг байсан нь учиртай. Ийнхүү байгаль хамгаалах хэлбэр, үйл явц нь тухайн нийгмийн төр засгаас гаргаж буй хууль журам, өнө эртнээс уламжлагдаж ирсэн хүн байгалийн хоорондын зан үйл ёс горим хоёр юм.
Байгаль дэлхий хэдийгээр үг хэлэхгүй ч өөрийн үзэгдэл, араншингаараа бүхнийг мэдрүүлдэг бөгөөд бид байгалийн хэлийг унших ардын уламжлалаа сэргээн хэрэгжүүлэх нь ирээдүй хойчдоо оруулж буй томоохон хөрөнгө юм.
Тийм учраас халуун бүлээрээ цэнхэр дэлхийдээ аль аль ч талаараа амгалан тайван, элбэг баян амьдрахын тулд өв уламжлал, ёс заншлаа дээдлэн амьд байгалиа хайрлан тэтгэх учиртай. Уншигч та ургамал, сав шимээ баясгахуйн талаар санаа бодлоо хуваалцаарай.