Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
![]()
“Ан амьтнаа баясгахуй”
Хүмүүн бид сав ертөнц, шим ертөнцийн шүтэн барилдлага, зүй тогтол, уялдаа холбооны нэгээхэн хэсэг. Сав ертөнц, шим ертөнцөөс арга, билэг ухаан, сэтгэл санаа, гоо зүйн таашаал мэдрэмж авч хөглөгдөн байгаль эхээ шүтэж,агаараар нь амьсгалж, ус рашаанаар нь ундаалж, байгаль дэлхийгээ аргадан,ан амьтадыг хайрлан хамгаалж ирсэн өв их уламжлалтай ард түмэн билээ.
Монгол оронд шим ертөнцийн нэгхээн хэсэг болох 138 зүйлийн хөхтөн, 75 зүйлийн загас, 22 зүйлийн мөлхөгч, 6 зүйлийн хоёр нутагтан, 472 зүйлийн шувуу, 13,000 гаруй зүйлийн шавьж, 516 зүйлийн зөөлөн биетэн, эгэл биет амьдарч байна.
Нийгэм эдийн засгийн хурдацтай хөгжил, дэлхийн хүн амын өсөлт, хүмүүний хязгааргүй хэрэгцээ, шунал, хэт амин хувиа хичээсэн үзэл зэрэг нь ан амьтад болоод биологийн төрөл зүйлсийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлж улмаар байгаль эхийн оршин тогтнох шүтэн барилдлага, тэнцвэрт байдал алдахад хүргэж байна. Дэлхий ертөнц дээр оршин буй амьтан, ургамал бие биесээ дэмжсэн харилцан уялдаа шүтэлцээнд оршдог бөгөөд нэг нь үгүй бол нөгөө төрөл зүйл устаж үгүй болж буйг анхааруулан бичиж сууна.
Харин, эрт үеэс монголчууд анчин хүний баримтлах арван цээрлэлт ёсыг дадуулж иржээ. Үүнд: 1.Сүрэг анг сүргээр алах, 2.Хэрэгцээнээс илүү олон ан авлах, 3.Онцгой содон өнгө зүс, хэлбэртэй амьтадыг алах, 4.Шинэ нутагт шилжин яваа ан амьтан, 5.Хээлтэй амьтан,зулзагаа дагуулж яваа амьтан, 6.Чоно болон бусад махчин амьтанд хөөгдөж амь зулбан яваа амьтан, 7.Орооны үед, холбоотой байгаа амьтан, 8.Сүргийн толгойлогч, 9.Алсан ангийн цусаар хөрс бохирдуулах, 10.Ан амьтан цуглаж ирдэг газар ус, хужир мараан дээр улай гаргах. Энэхүү 10 цээрлэх ёсыг зөрчсөн хүнийг анчин бус алуурчин гэж үздэг байсан нь ан амьтдаа хамгаалах соёлыг мөрдөж байсан гэлтэй бас санууштай.
Ан амьтад, загас жараахай, жигүүртэн шувууд гээд амьд бүхэн ус, агаар, ургамал ногооны ариун шимт байдлаас шууд хамааралтай. Оюун ухаант хүмүүн бидний буруу үйлээс улбаатай устаж үгүй болон байгалийн тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байна. Ийм учир гэгээрэгч Чинхай “дэлхийн дулаарал байгаль ертөнцийн өөрийнх нь зүй тогтол, жам ёсоор болж байгаа үзэгдэл биш. Хүн төрлөхтний буруугаас үүссэн нь тодорхой. Тэрхүү буруу үйлдэл нь сэтгэлийн гэмээс үүдэлтэй. Сэтгэл буруудваас үйл бурууддаг. Хүний сэтгэлд ассан шуналын гал дэлхийг дулааруулж байна гэжээ.
“Ганцаас газар дүүрнэ,чимхээс атга дүүрнэ” гэсэн ардын мэргэн үгийг санан байгальдаа хог хаялгүйгээр зөвөөр аялж, ан амьтан, араатан жигүүртэн, загас жараахай, шавьж хорхой гээд эд эс бүхнийг нь хайрлан хамгаалцгаая.
Та бид соёл түгээгч билээ.