Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
![]()
Өнөөдөр миний бие уул овоогоо тахихуйн тухай Та бүхэнтэй мэдлэгээ хуваалцахаар бэлтгэлээ.Монголчууд өнө эртнээс үүл будан титэмтэй сүрлэг уул хайрхдыг эзэн савдагтай хэмээн тахиж, ивээл нөмөрт нь шүтэж аж төрсөөр ирсэн ард түмэн. 2017 онд “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэсэн байдаг.
Монголчууд уул овооны тахилгыг үйлдэхдээ түүх, уламжлал, зон олны эв зохиролд нийцүүлж, дэг жаяг, зан заншилыг ёсчлон гүйцэтгэдэг. Уул овооны эзэн сахиусыг урин дуудаж буянт мал сүргээ тэнгэрийн од шиг олон, будаа тариагаа газрын үндэс шиг арвин, хур бороо тэтгэж, хотол олны нас буян батжиж, цог учрал амны хишиг дэлгэрч санасан хэргийг ая зөндөө бүтэхийн тухайд аргадан тахидаг.
Уламжлалаас дурдвал, Тахиж байгаа хайрханы орой дээр ахсыг төлөөлж азай буурал, ихсийг төлөөлж төрийн түшмэл, эхсийг төлөөлж өндөр хүндтэй нагац гурвыг нэр, жил, буян хишгийг нь харан дэвшүүлж, халиун, бор, цавьдар, хонгор зэрэг хүндэт зүсмийн хүлэг мориор уул өөд жишүүлдэг байж. Мөн уул оргил бараадахаас өмнө биеэ засаж, ариулан, төр түмний хүндэтгэл хишгийг хүргэдэг ба тэр нь онгон хүлгийн дэлний өргөл, шүүс, сүү цэгээний дээж байдаг. Эдгээрийг талбин хуур сонсгож, хайрханаа магтаж өчил өчдөг байсан тухай өгүүлжээ.
Энэ мэтийг эргэцүүлэн тунгаах тусам уул, хайрханы тахилгын ёслолыг хийхэд учрыг ухах, санаж сэрэх зүйл бишгүй байна. “Бэлийн чулууг овоонд өргөхөд их баярладаг” хэмээн захидаг дээдэс маань овооны чулууг цагаан болтол сүү өргөж, элдэв идэх зүйл тэнд үлдээлгүй, тухайн уул, овоог огтхон ч бохирдуулдаггүй байсан нь уулаа хайрлаж, сүсэглэж чадаж байсны илрэл юм.