“ЭХ ДЭЛХИЙГЭЭ БАЯСГАХУЙ” Т.ТУУЛ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️Өнөөдөр миний бие байгаль дэлхийн амьтай бүхнийг тэтгэж байдаг ургамал, ногоо, ой тайгынхаа тухай, түүнийг хайрлан хамгаалахын тухай өгүүлэхийг хичээлээ.

✍️Бид эх дэлхийгээ баясгахуйн тухай өгүүлэх бүртээ сав, шим ертөнц түүний шүтэн барилдлагын тухай бичиж буйг Та бүхэн анзаарч буй бизээ. Ургамал ногоо, ой мод бол эх дэлхийн сав ертөнц. Энэ нь нэг талаас амьгүй ертөнцийн тухай боловч сав ертөнц нь асар олон амьтан, бичил биетний орших орон гэр нь юм.

✍️Хөрсийг “ДЭЛХИЙН АРЬС” гэж ярьдаг. Хөрс нь ургамал ургах орчин, ус хадгалах, нийлүүлэх, цэвэршүүлэх хэрэгсэл, дэлхийн агаар мандлыг сайжруулагч, организмуудын амьдрах нутаг, эсрэгээр эдгээр нь буцаад хөрсийг сайжруулан нөлөөлж байдаг байна. Харин ой нь гол мөрний усны нөөц, урсацыг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, мөнх цэвдэгийг тогтоон барих, хүчилтөрөгч ялгаруулах, экологийн чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

✍️Эндээс бид эх дэлхийнхээ сав, шим ертөнцийн шүтэн барилдлагыг өнгөц боловч ухааран ойлгохоор. Энд бас нэгэн онолын мэдээллийг онцольё. Ус, хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийн эргэлт нь шим мандалын хувьд амин чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Зуны нэг өдөр 1 га шилмүүст ой фотосинтезийн явцад агаараас 220-275 кг нүүрс хүчлийн хий шингээж, 180-215 кг хүчилтөрөгч ялгаруулж, 120-150 кг органик бодисыг нийлэгшүүлж байдаг. Дундажаар хоногт нэг том мод 180 л хүчилтөрөгч ялгаруулдаг, харин хүн өдөрт 300 л, ачаалалтай ажиллах үед 700-900 л хүчилтөрөгч хэрэглэдэг гэж тооцвол, 2-5 мод хүний хүчилтөрөгчийн хоногийн хэрэгцээг хангана гэжээ.

✍️Зөвхөн энэ л мэдээллээс бид хүмүүн бидний алдхан биеийн минь амьсгалыг тэтгэгч ой модоо хайрлан гамнаж, хүнлэн дээдлэх учиртайг дахин сануулахад илүүдэхгүй бизээ. Хүмүүс бидний буруу үйлээс хөрс эвдэрч, ойн нөөц минь хомсдож байгааг бид мэдсээр л байгаа. Ийм учир холбоостойн тул бид ургамал модоо өсгөн үржүүлэх, хайрлах тухай ярьж, байгаль дэлхийгээ эвдрэл сүйтгэлд орсных нь дараа биш яг одооноос эхлэн болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлж, байгаль эхтэйгээ зөв харьцаж, энэрэн нигүүлсэж, эрхэмлэн дээдэлж, түүний хуульд захирагдан ухаалгаар зохицон амьдрах ёстой билээ.