Гэгээн өглөөний мэндийг та бүхэндээ хүргэе.
![]()
Зуны дунд сар талдаа орж хүмүүс ээлжийн амралтаа авч, хөдөө орон нутгаар аялал зугаалгаар явах нь ихсэж байна. Байгалийн сайхнаас эрч хүчээ сэлбэж, цэнгэг агаарыг нь амьсгалж, цэцэгт хөндийд нь алхаж, цэвэр усыг нь залгилж байгаагийн хувьд хог хаягдлаа хаяж хөрст газраа бохирдуулахгүй “Байгальд ээлтэй” ул мөргүй аялахыг бид уриалж байна.
![]()
Өнөө цагт хүн хаана явна тэнд хог үүсдэг болжээ. Машиныхаа цонхоор тамхиныхаа ишийг хээв нэг шидчхээд, үдэлж буудалласан газраа ус ундааны сав, архи пивоны шил, нойлын цаас зэргээ үлдээгээд явж байгаа нь байгаль эхийг бохирдуулж, бузартуулахын үүтгэл болсоор.
![]()
Жинхэнэ өөрчлөлт өчүүхэн зүйлээс эхэлдэг гэдэг. Хүн бүхэн өөр өөрийнхөө хийж буй үйлдлээ хянаж сурах, нэг, нэгэндээ шаардлага тавьдаг болж байж бүх нийтээрээ дадал хандлагаа зөв тийш эргүүлнэ. Хог хаягдлыг бууруулахад миний, таны, хүн бүхний үүрэг оролцоо чухал юм.