“ЭХ ДЭЛХИЙГЭЭ БАЯСГАХУЙ” С.САНЧИР

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Өнөөдөр ахуйн хог хаягдал байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаарх мэдээллээ Та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

✍️ Монгол улсын “Хог хаягдлын тухай хууль”-д хүнд хэрэглэгдэхгүй болсон эд юмсыг хог хаягдал гэж тодорхойлоод ахуйн болон аюултай хог хаягдал гэж 2 хувааж үзжээ. Айл өрхөөс гарах хог хаягдал болон түүнтэй найрлага бүтцийн хувьд ижил хаягдлыг #ахуйн_хог_хаягдал, хүн, амьтан, ургамлыг өвчлүүлэх, гэмтээх, үр удамд хор хөнөөл учруулахуйц, хортой, идэмхий, исэлдүүлэгч, шатамхай, дэлбэрэх аюултай, цацраг идэвхт, халдвартай хог хаягдлыг #аюултай хог хаягдал гэж зааж өгсөн байна.

✍️ Хүн нэг хоногт 0,5кг, жилд 200кг хуурай хог хаягдал хаядаг. Улаанбаатар хотод өдөрт 800-1000тн хуурай хог хаягдал гарч, зөвхөн 50 хувь нь хогийн цэг үрүү ачигдаж, үлдсэн 50 хувь нь хөрс, ус, агаарын бохирдлыг бохирдуулсаар байгаа судалгааны дүнг хуваалцаж буйдаа эмзэглэж сууна.

✍️ Бид өөрсдийн тарьсан хог хаягдлаараа дамжуулан агаар, ус, булаг, шанд, гол мөрөн, хөрсөө бохирдуулсаар байна. Зажилаад хаясан бохь 5 жил, цаас 6 сар, тамхи 3 сар, тамхины иш 1-2 жил, хуванцар сав 500-1000 жилийн дараа агаар усны дэмтэйгээр хөрсөнд бүрэн шингэдэг ч эдгээр бүгд хөрсийг бохирдуулж байдгийг бид тэр бүр анзаардаггүй байх нь. Мөн хөрсийг ихээр бохирдуулдаг бас нэг зүйл бол хөдөөд жалга судганд хаа сайгүй харагдах үхсэн малын сэг зэм.

✍️ Малын сэг зэм нь хөрсийг төдийгүй ус, агаарыг ч бохирдуулдаг байна. Тодруулбал, бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог. Бохирдсон хөрснөөс эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг. Мөн гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран гээд өвчин тараах эх үүсвэр ч болсоор байгаа тухай Эрүүл мэндийн яамны мэдээллийн сайтад бичигдсэн байгаа нь эмзэглүүштэй.

✍️ Энэ мэт хүмүүс бидний тарьсан ахуйн хог хаягдал та бидний эрүүл мэндэд маш их сөргөөр нөлөөлсөөр байгаа нь онцгой тулгамдсан асуудал юм. Хүний хэрэгцээ ихсэх тусам хог улам ихэсдэг гэж бичсэн тэр нэгэн бичээчийн үг туйлын үнэн мэт санагдлаа. Нэг талдаа соёлтой мэт хэрэглээ болсон нэг удаагийн гэх халбага, сэрээ, уут, сав гээд бидний хэрэглээ ч байгальд хог, хор болсоор байгааг бид анзаарах цаг болжээ. Иймд хүн бүр хог хаягдлаа багасгахын төлөө чармайж, ил задгай хогоо хаяхгүй байх, ангилан ялгах зэрэг зөв дадалд суралцах нь бидний нийгмийн хариуцлагын хэрэг болоод байна.

✍️ Хог хаягдалтай харьцах дадлаа эерэг болгож, хайртай бүхнийхээ төлөө хичээцгээе. Та бид соёл түгээгч билээ.