Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
![]()
Уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдал, хөрсний эвдрэл нь байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг талаар өөрийн уншиж сонссон зүйлээсээ Та бүхэнтэйгээ өнөөдөр хуваалцая.
Би Уянга сумын иргэн. Манай сумын Өлт, Бөөрөлжүүт орчимд 1988 оноос хайгуулын ажил, 1992 оноос алт олборлолт эхэлсэн байдаг. Мөн 1998-2002 оны үед гар аргаар хууль бус олборлолтууд дээд цэгт хүрч энэ үед газрын хөрс их хэмжээгээр эвдрэлд орж, тухайн орчмын экосистемийн тогтолцоо алдагдаж тодруулбал ургамал, ногоо мөхөж, мал амьтад дайжиж, малын бэлчээргүй болж, усны бохирдол үүсч, нөөц нь багасаж, агаарын бохирдол үүссэн гээд манай сумын байгаль орчины сөрөг нөлөөллийг тоочоод барамгүй юм. Эдгээр нь хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлсэнийг, үзүүлж буйг бид бас мэдэхгүй байгаа нь харамсалтай.
Ер нь уул уурхайн үйл ажиллагаа нь хөрсний эвдрэлийг их хэмжээгээр үүсгэж, газрын гүний болон гадаргын ус цианид, мөнгөн ус зэрэг химийн хорт бодисоор бохирдож, химийн бодис, тос асгарснаас хөрс ургамлын бүрхэвч хордох, мал амьтаны идэш тэжээлээр дамжин малын мах сүүнд хорт бодис хуримтлагдан мах, сүүгээр дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө гарч байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын судалгаа, мэдээллүүд ч байна.
Ялангуяа орхигдсон болон буруу нөхөн сэргээлт хийгдсэн уурхайнууд мөнгөн ус, уран зэрэг хорт бодисын бохирдлыг бий болгож, бас цөлжилт үүсгэдэг байна. Монгол орны нийт нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэсэн судалгаа байна. Түүний 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой түүний дотор элс, хайрга олборлолт, уул уурхайн ашиглалт дийлэнхийг эзэлдэг гэжээ.
Энэ мэт уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн мэдээлэл хөврөөд байхаар байна. Байгалийн баялагаа ашиглах нь эдийн засгийн үр ашгийг бидэнд авчрах ч байгаль орчиндоо ээлгүй, хариуцлагагүй үйлдлийн горыг хэн амсах вэ? гэдэг асуултыг бид байнга тавих ёстой гэж бодогдож сууна. Уул уурхайн хайгуул, олборлолтоос гарч буй хаягдалын тухай Та бүхэн өөр өөрсдийн сувгаар мэдээлэл авах боломжтой тул би мэдээллээ дуусгая.
Хамгийн гол нь байгаль орчноо хамгаалах үүрэг иргэд бидэнд ногддог тул бид уур уурхайн хайгуул, олборлолттой холбоотой мэдлэгийг өөрт бий болгож төр засагтаа, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад зохих шаардлагаа хүргүүлж, олон нийтийн хяналтаа сайжруулах нь бидний хийж чадах цорын ганц арга мэт санагдлаа.
Өнөөдрийн постерийн зурганд Уянга сумын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой зургийг зориуд оруулсан байгаа гэдгээ бас дуулгая. Зураг авах үедээ зарим зүйлийг хараад сэтгэл эмзэглэснээ нуугаад яахав. Эх дэлхий, эх байгалаа хамгаалахад иргэд бидний дуу хоолой, оролцоо, хяналт л чухал байна гэдгийг дахин хэлье.