“ЭХ ДЭЛХИЙГЭЭ БАЯСГАХУЙ” ЗОЧИН Я.ГАНЗАЯА

Хуваалцах
Жиргэх

Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Соёлыг түгээе” төслийн багаас эхлүүлсэн “Араншингаа анзаарахуй”, “Эвт үйлийг дэвжээхүй”, “Эх дэлхийгээ баясгахуй” гээд хүмүүний эрхэмлэх учиртай ёс бүгдийг олонд түгээхээр зорьж буй энэхүү ажилд нь утга нэмэрлэн оролцож буйдаа талархалтай байна.

Энэ удаад хүн байгаль дэлхийтээгээ хэрхэн зөв зохистой харьцах учиртайг цухасхан дурьдаж мэдлэг нэмэрлэе. Байгаль дэлхийг сав ертөнц, амьд амьтныг шим ертөнц гэдэг. Сав,шим ертөнц хүйн холбоотой. Сав ертөнцийн газар шороо, ус ургамал хүмүүсийн сайн, муу нөлөөг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл байгаль дэлхий хүнтэй ярьдаг, харьцдаг юм. Бидний сайн муу үйлдлийг мэдэж хариу нөлөө үзүүлнэ.

Хүн, амьтан бүгд гадаад сав ертөнцдөө шүтэж амьдарна. Гадаад сав ертөнц бол бидний гэр орон л гэсэн үг . Бид байгаль дэлхийгээ сүйтгэж байгаа нь өөрийнхөө гэрийг нурааж байгаатай адил. Бид байгаль дэлхийдээ хог хаягдлаа хаяж байгаа нь өөрсдийн гэртээ хог овоолж байгаатай адил.

Ертөнц дээр амьдрах өчүүхэн жижиг амьтан ч өөрийн үүргийг гүйцэтгэж байдаг. Тэр амьтныг алж амьдралыг зогсооно гэдэг байгалийн жам ёсонд муугаар нөлөөлнө. Байгаль дэлхийг “Хэн бүтээсэн тухай” олон үзэл онолууд байдаг ч Буддын гүн ухааны сургаалд “Үйлээс элдэв ертөнц үүснэ” гэсэн нь амьтдын үйл, үйлдлээс дэлхий ертөнц өөрчлөгдөж байдгийг үзүүлсэн.

Мөн хүмүүс байгалийн ашиг шимийг эдлэх хэрэглэх бүгд өөрсдийн урьдын хийсэн үйлийн үр дагавартай холбоотой болохыг тэмдэглэсэн байдаг. Жишээлбэл: модыг хайр, найргүй устгавал дараа төрөлдөө модгүй газар амьдарна гэсэн үг. Энэ нь байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцахгүй бол үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар, цэнгэг устай дахин тааралдахгүй болох үйлийн үр байдгийг анхааруулсан сургаал юм.

Биднийг анх шавь болж байхад багш маань “Гар нүүр угаахдаа бага усаар угаа,битгий их ус асга.Усан галав болдог юм” гэдэг байж билээ. Бид тэр үедээ ойлгохгүй “жаахан ус асгахад юун усан галав болов гэж” тоодоггүй байлаа.

Гэтэл хувь хүн өөрөө усаа хайрлахгүй буруу сэтгэлээр хандваас өөртөө муу үйл хурааж, тэр үйлээрээ дараа усны аюултай учирч болзошгүйг ойлгуулж байж. Ийм жишээгээр бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцвал эргээд бидэнд байгаль дэлхийн уур хилэн, ундууцал ирнэ.

Хүн төрөлхтөн өөрсдийн толгой хорогдох гэр орон болсон дэлхийгээ хайрлая гэвэл: Байгальд хор хүргэхээс татгалзаж энгийн амьдрах, Бусдыг хорлохоос татгалзаж энэрэнгүй сэтгэлтэй байх нь эрхэм чухал юм.