Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
![]()
“Эх дэлхийгээ баясгахуй”-н тухайх мэдээлэл маань гурван 7 хоног үргэлжлэхдээ сав, шим ертөнцийн зүй тогтол, шүтэн барилдлагын учгаар эхэлж, Монголчууд бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахдаа энэрэл хүндлэл, сүсэг бишрэл, сургааль номлол, хорио цээрийн уламжлалыг хэрхэн сахиж, үр хойчдоо өвлүүлж ирсэн тухай онцолж, эдүгээ хүний хүчин зүйлээс хамаарч эх байгаль минь хэрхэн сульдан доройтож буйг цухасхан хөндсөн билээ.
Тэгвэл энэ 7 хоногт байгаль орчоо хайрлан хамгаалах тухай асуудал нь аливаа улс орны “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ”-ийн “ТУЛГУУР” юм гэсэн агуулгаар мэдээллүүдээ хүргэх болно.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ”-ийн зарчмыг анх 1987 онд Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх дэлхийн хорооны илтгэлд дэвшүүлсэн ба гол үзэл санаа нь байгаль орчноо доройтуулахгүй, байгалийнхаа даацад тохирсон хөгжлийн чиг баримжааг тодорхойлоход оршсон бөгөөд энэ нь дэлхий нийтийн хөгжлийн бодлогын эрхэм дээд зорилго болон хэрэгжиж байна.
Хүн төрөлхтөн нэг л гэртэй. Энэ нь эх дэлхий юм. Хүмүүс бидний хязгааргүй хэрэгцээ эх дэлхийнхээ хязгаарлагдмал нөөцийг өдөр тутам хороосоор байгаа ч бид ирээдүй хойч үеийнхнийхээ боломжийг булаахгүйгээр өнөөдрийн хэрэгцээгээ хангах ёстой. Энэ бол бидний үүрэг бас хариуцлага. Ийм агуулгаар тогтвортой хөгжлийн бодлого хэрэгждэг байна.
Монгол улсын “Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайлан”-д … сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, тариалангийн талбайн хөрсний үржил шимийн бууралт, уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртөж, 527 гадаргын усны эх үүсвэр хатаж ширгэсэн ба нийт нутгийн 80 шахам хувьд нь бэлчээрийн хүрэлцээ муу гэсэн дүгнэлт гарчээ.
Зөвхөн энэ хэдхэн тоо баримтыг сав, шим ертөнцийн шүтэн барилдлагын учгаар ойлгоход байгаль орчны асуудал нь зөвхөн нөөцийн хомсдлын асуудал биш хүний хөгжлийг хангахад чиглэгдсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудал гэдэг нь харагдахаар. Иймийн учир нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг байгаль орчны асуудлаас салангид авч явах боломжгүй юм.
Монгол улсын хувьд тогтвортой хөгжлийн энэхүү үзэл санааг УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлж эхлээд байна.