“ЭХ ДЭЛХИЙГЭЭ БАЯСГАХУЙ” Т.ТУУЛ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Тогтвортой хөгжлийн тулгуур болох байгаль орчны асуудлыг ярихдаа Монгол улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг уул уурхайн салбар, түүний байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн тухай ярихгүй байх боломжгүй юм.

✍️ Монгол улсын хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх өөрөөр хэлбэл “алтыг нь аваад авдрыг нь хаяуулахгүйн” тулд уул уурхайн үйл ажиллагаанд төр, иргэдийн оролцоог жигд хангах, ногоон үйлдвэрлэл, ногоон ажлын байр, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээрх бодлого, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаад олзуурхаж байна.

✍️ Гэсэн ч нэгэнтээ би “…Эх оронч байхын тулд хужааг зодмоор, 76-г буудмаар санагддаг байх албагүй. Зүгээр л энэ улсыг гэр орон шигээ хайрладаг байхад л болно” гэж бичсэн иргэний постыг уншиж байснаа санаж уул уурхайн компаний эзэд ухаад хаячихсан газар нутгаа өөрийн гэр орон шигээ хайрлаж, өнгө нэмэн торддог ч болоосой гэж бодлоо.

✍️ 2017-2018 онд хийгдсэн Монгол улсын уул уурхайн зориулалтаар эвдэгдсэн газрын тооллогын нэгдсэн дүнгээр уул уурхайн ашиглалтын улмаас 24347,5 га газар эвдэгдсэнээс нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон газрын тоо 1491, талбайн хэмжээ 9381,4 га байна гэсэн дүгнэлт гарсанаас харахад нөхөн сэргээлтийн асуудал онцгой анхаарал татсан хэвээр л байна.

✍️ Иймд бид өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үеийн хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүй байх гэсэн тогтвортой хөгжлийн зарчмыг хүн бүхэн мөрдлөг болгож эх байгаль, эх дэлхийгээ өөрийн гэр орон шиг хайрлан хамгаалах ёстойг дахин дахин хэлээд байгаа юм. Энд бүх нийтийн эко боловсрол маш чухал.

✍️ 2019-2020 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуульд мөрдөж эхэлсэн “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийн сургалтын хөтөлбөрт байгаль орчноо, эх орноо хамгаалах, үндэсний соёл уламжлалаа дээдлэх талаар (өмнө нь ч сургалтын хөтөлбөрт байдаг агуулга) чамлалтгүй агуулга орсон байгаа хэдий ч хүүхэд залуусын хандлага төдийлөн өөрчлөгдөхгүй байна.

✍️ Тиймээс дээрх хичээлийн тухайн агуулгыг байгаль орчны мэргэжилтэн заах нь илүү үр дүнтэйгээс гадна иргэн бүр үр хүүхэд, найз нөхөд, ах дүү нартаа байгальтайгаа зөв зохистой харьцаж, хайрлаж хамгаалахын тулд орчноо бохирдуулахгүй байх нь, ганц ширхэг мод тарих нь, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх нь, ан амьтнаа дайжаахгүй байх нь ямар ач холбогдолтой болохыг алхам тутамдаа сургаж, дадлагажуулж, үлгэрлэх замаар байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх чухал юм.

✍️ Үнэндээ өвлөх эрүүл эх оронгүй эрдэмтэн төрөөд ч яах билээ.