Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
![]()
Дэлхий нийтийн хөгжил тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж буй энэ цаг үед бид ертөнцийн хуулийн эсрэг, байгалийн хуулийн эсрэг хийгээд буй “буруу үзэл-буруу үйл-буруу дадлаасаа” салах цаг нь болсон байна.
Бид нэгдмэл нэг дэлхийд амьдардаг, нэг амьтай, бусад нь оршихгүй бол би оршихгүй гэдгийг үл ухаарч “Би” үзлээр явж, материаллаг хэрэглээг шүтэгч, мунхаг хэрэглэгч болсон нь бид өөрсдийн амьдрахуйн үндэс суурь болсон байгаль орчиндоо маш их сөрөг нөлөөллийг бий болгож, энэ нь цаашлаад байгаль дэлхийнхээ эсрэг дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдэлтэй элдэв хомсдолууд, халдварт өвчин, ядуурал, дайн байлдаан зэргийн гол шалтгаан болсоор байна.
Бид цаашид энэ хэвээр амьдрах аваас хүн төрөлхтний өнөөгийн хэрэгцээг хангахад 2030 онд бүтэн 2 дэлхий, 2050 онд 3 дэлхий хэрэгтэй болох тухай, бид амар, амгалан, энхтайван , эрүүл, аюулгүй ирээдүйг дангаараа бүтээж чадахгүй, гэхдээ бид хамтдаа бүтээх боломжтой тухай “Greenpeace” мэдээлжээ.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИНӨ” гэдэг нь өнөөгийн хүмүүс бид дэлхий ертөнцөө хамгийн дээдээр хамгаалан, үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралд нь хохирол учруулахгүйгээр, тэдэндээ АМЬСГАЛАХ АГААРТАЙ, УУХ УСТАЙ, ГИШГЭХ ГАЗАРТАЙ ДЭЛХИЙГ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭХ л явдал.
Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уул, усаа тахин шүтэх, ёс заншил нь уламжлалт ахуй соёл болох нүүдлийн соёл мал аж ахуйтай шууд холбоотой цэвэр байгалийн хуулийн жам ёсыг хүлээн зөвшөөрсөн соёл байжээ.
Бусдыг өөрчилж, бүгдийг хянаж чадахгүй. Харин өөрийгөө өөрчилж, өөрийгөө хянаж чадна. Иймд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, сүслэн биширч ирсэн уламжлалт соёлоо дээдэлж, байгаль орчинтойгоо харьцаж буй бидний буруу үйл бүхэн амьтан ургамал болон бусад амьд зүйлсийг мөхөөх аюулд алхам алхамаар хөтөлж байгааг өөрт болон үр хойчдоо үргэлж сануулан ахуйн орчноосоо эхлээд л хогоо хаяхгүй байх, хог хаягдлаа ангилан ялгадаг энгийн дадал хэвшлийг төлөвшүүлж, ухаалаг хэрэглээтэй иргэн байх нь бидний тогтвортой хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм.
Харин үйлдвэрлэлийн орчинд аливаа хорт бодисоос аль болох татгалзаж, эрчим хүчний хэмнэлттэй, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, цэвэр дэвшилтэт технологид шилжих зэрэг алхамуудыг хийж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгалийн бүх төрлийн нөөцийг хэмнэх, хаягдалгүй эдийн засгийг хөгжүүлэх нь бас л бидний тогтвортой хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм.
Байгаль орчны асуудал бол аливаа улс орны тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур гэдгийг үргэлжид санаж ЭХ ДЭЛХИЙ, ЭХ БАЙГАЛИА хайрлан хамгаалцгаая
“ДЭЛГЭРЭХ БҮТЭЭМЖ” ТББ-ЫН ТЭРГҮҮН Л.ЦЭВЭЭНЖАВ