Юуны өмнө аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Соёлыг түгээе” төслийн багийн “ЭХ ДЭЛХИЙГЭЭ БАЯСГАХУЙ”-д зочин илтгэгчээр урьсанд талархаж, Та бүхний эхлүүлсэн энэхүү ажлыг цаашид ч дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлье.
Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул хүн. Анх 2011 онд Орхон голыг хамгаалах хөдөлгөөнийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл тэргүүнээр нь ажиллаж байна. Бид 2015 онд Монгол улсын ерөнхийлөгчид Орхон голын ай сав, бүс нутгийг төрөөс хамгаалах үндэслэлийг 4 зүйлээр тодорхойлж шийдэл, гарцын талаарх санал дэвшүүлж байгаль орчин хамгаалал, ногоон хөгжлийн чиглэлээр сургалт, судалгаа, олон нийтийн ажлуудыг нэлээд өрнүүлсэн.
Хамгийн сүүлд 2019 онд Монгол улсын Ерөнхий сайдад шаардлага, хүсэлт хүргүүлсэн ба Засгийн газрын 2019 оны ээлжит хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаварын дагуу 2019 оны 8 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлүүдийг АМГТГ-аас цуцалж Орхон гол, Орхоны хөндий төдийгүй Төрийн тахилгат Суварга хайрханаас эх авдаг Тамир, Цэнхэрийн голуудыг хамгаалж, нутгийн иргэдийн ахуй амьдралд томоохон эерэг нөлөөлөл үзүүлж чадсан.
Мэдээж энэ бүгдийг санаачлан хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл, урам хугарах, хөрөнгө мөнгөөр гачигдах, надад болон гэр бүлийн гишүүд, хамтран ажилладаг хүмүүс маань дарамт шахалтанд өртөх өдрүүд цөөнгүй байсан. Гэвч сайн санаат, хүмүүнлэг хүмүүс олон байдаг болохоор хэзээ ч бид шантраагүй.
![]()