Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
![]()
Өнөөдөр миний бие намрын улиралд Монголчууд идээ ундаагаа хэрхэн зохицуулж ирсэн тухай мэдээлэл бэлтгэлээ. Монголчуудын уламжлалт хоол, хүнсний төрөл зүйлд махан хүнс, сүү цагаан идээ болон амуу тариа, ургамлын зүйл голлон ордог байсан ба идээ ундаагаа нас, бие, эрүүл мэнддээ ач тустай байхаар өөр хооронд нь зохицуулан хэрэглэж ирсэн өвөрмөц соёл уламжлалтай ард түмэн.
Зуны адаг сараас эхлэн намрын улиралд цагаан идээгээ нөөцөлж бэлтгэж хавар хүртэл хадгалан хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан ба цагаан идээний нэр төрлийн дийлэнх нь исэг идээ байдаг. Исэг идээ тодруулбал аарц, хоормог, айраг, ааруулыг зуны адаг сараас хавар хүртэл хадгалах явцад сүүнхүчлийн бактерийн үйлчлэлээр биологийн идэвхт бодис хангалттай хэмжээгээр хуримтлагдаж, хүний бие махбодийн бодисын солилцоог дэмжих, өвчин эсэргүүцэх чадварыг нөхөн сэргээх үйлчлэлтэй болдог.
Мөн намрын улиралд үндэстэй бүхэн боловсорч, үр шимээ өгдөг бөгөөд хүн, адгуус бүгд хоолонцор болдог улирал гэж үздэг тул бүх амьд амьтад тарга хүчээ авдаг гэдэг. Энэ ч утгаараа хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай бодис агуулах үр тариа, хүнсний ногоон идээг Монголчууд өнө эртнээс намартаа түлхүү хэрэглэж ирсний сацуу байгаль эхийн харамгүй хишиг болох зэрлэг ургамлын зүйлийг ч зүй зохистойгоор ашиглаж иржээ. Тухайлбал, Таана, хөмүүл, халгай гээд бидний сайн мэдэх ургамлуудыг түүж даршилж хүнсэндээ амтлагч байдлаар хэрэглэж ирсэн.
Монгол мал мөн л зун намартаа тарга тэвээргээ авдаг. Монгол мал бол өвсний сороор идшилдэг амьтан. Адуу 80 гаруй, үхэр 70 төрлийн ургамал иддэг бол хонь бараг 600 аад төрлийн өвс иддэг гэдэг тул Монголчууд хонины махыг ядарч чилээрхсэн хүнд, нярайлсан эхчүүдэд тамир тэнхээ суулгаж, витаминжуулах зорилгоор хэрэглэдэг байж.
Үхрийн мах нь халуун чанартай тул удаан хадгалахад эм болдог гэдэг ба эзэнт гүрний үеийн цэргүүдийн аян замын голлох хүнсэнд ордог байж. Хэдэн мянган бээрийг эцэж цуцалгүй туулж, дэлхийн талыг эзэгнэж явсан сүр хүчит Монгол цэргүүдийн омог бардам төрх, эрүүл чийрэг бие бялдар, тамир тэнхээ, дархлааны нууцын нэгэн учгыг тэдний аян замын идээ ундаа, хооллох дэг ёсонд байсан тухай дэлхийн олон орны хоол судлаач эрдэмтэд бичсэн байдаг.
Энэ мэт Монголчууд намартаа идээ ундааныхаа амин шимт чанарыг нь алдагдуулахгүйгээр, эх дэлхийн ургамал, амьтны шим бодисоор баяжуулан ашиглах технологийн өвөрмөц уламжлалыг бий болгож бүтээсэн ард түмэн. Чухамхүү эдгээр “амьд” бүтээгдэхүүний хэрэглээ нь Монголчуудын хоол хүнсний хэрэглээгээ зохицуулан, эрүүл амьдарч ирсэн нууцыг тайлах нэгэн “түлхүүр” нь гэж үздэг.
Эрүүл байх, урт наслах нь бидний хоол хүнсний хэрэглээтэй шууд холбоотой тул идээ ундаагаа 4 цагтаа тохируулан зөвтгөж ирсэн уламжлалт өв соёлоо эргэн сөхөж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэйг хүн бүр тодорхой хэмжээгээр мэддэг хэрнээ тоомжиргүй хандаж байгаа нь нууц биш юм.
![]()