Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Миний бие идээ ундаагаа зөвтгөхүйн тухайтад үндэсний хоолны дэг жаяг болон хавар цагийн идээ ундааны зохидлогооны талаар Та бүхэндээ хүргэж байна. Аливаа улс үндэстний хоол ундаагаа бэлтгэж хэрэглэх ур ухаан, ёс дэг нь түүний оршин буй газар нутаг, цаг уурын нөхцөл, голлон эрхлэдэг аж ахуй хийгээд шашин шүтлэг соёлтой нягт холбоотой билээ.
Монгол үндэстний хүнс, хоол, идээ ундаагаа бий болгож бэлтгэх ур ухаан, хэрэглэх соёл нь нэн өвөрмөгц бөгөөд хоол идээ нь таван зүйл ангитай.
1. Цагаан буюу сүүн идээ
2. Улаан буюу махан идээ
3. Ногоон буюу ургамлын идээ
4. Шар буюу тосон идээ
5. Хар буюу ус, архи, рашааны идээ гэж өнгөөр нь цохон онцолж түүний утгад нийцүүлэн уг идээний чанарыг товойлгон сийлсэн мэт дүрсэлж тодотгон ангилсан нь нэн сонин юм.
Дээрхээс заримыг онцолвол, “ЦАГААН ИДЭЭ” нь бие махбодид дээд зэргээр шингэж зургаан шимт бодисыг (уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс, ус ) цогц байдалтайгаар агуулдаг тул эд, эсийг нөхөн төлжүүлж, элдэв хорын нөлөөг сааруулж тайлдаг, хамгаалдаг байгаль дээрхи цорын ганц “ДЭЭД ХҮНС” гэж үнэлэгддэг. Харин “НОГООН ИДЭЭ” болох төрөл бүрийн жимс, жимсгэнэ, мөөг самар, сонгино, мангир, хөмүүл, гогод, гоньд, мэхээр, үүргэнэ, суль, цульхир зэрэг нь хүний биед ашиг тус ихтэй шимт бодисын нэгдлүүдтэй учир цагаан идээтэй хослуулан хавар хэрэглэхэд өндөр ач холбогдолтой.
Хаврын улиралд хүний бадгана их арвиддаг, хүйтэн чанартай зүйл хөдөлдөг тул түүний эсрэг үйлчилгээтэй “ШАР ИДЭЭ” болох шар тос, уурагт цагаан идээг зохицуулан хэрэглэж, ялангуяа мах, өөх, тослогийн зүйл, өрөм, ааруул ,аарц , шар тосоор зуурсан арвайн гурил, зөгийн бал тэргүүтнээр илч энергээ тэгшитгэж иржээ. Яргуй жигдэрч ургасан хаврын эхэн болон дунд сард ямаа муулж мах шөлөөр нь өтөл өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг сувилдаг байсан нь ямаа ногоо цэцгийг сорчлон идэж, сүү мах нь эмчилгээний шинж чанартайд тооцогддогт оршино.
Ямааны махыг сэрүүн чанартай гэж үздэг тул дулааны улиралд эсвэл борцлон хатааж хавар, зуны улиралд зохистойгоор хэрэглэдэг. Үүний зэрэгцээ үхрийн мах , борцыг шим тэжээл, илч тэгш чацуу хадаглахад чанар нь гүйцэн боловсорч эмийн чанартай болдог гэж үзэн хаврын тарчиг цагт түлхүү хэрэглэдэг.
Аливаа идээ ундааны шим, хүч харилцан харшилдваас тамир хүчийг хөнөөж, идээ ундааны үнэр, амт үл нийцвээс цог дүрийг гэмтээдэг гэдэг тул хоол ундыг базаахдаа арга үйлийг алдах мэтийн явдал нь өвчлөхийн үндэс шалтгаан болдог.
Иймээс орчин цагийн монголчуудын хоол хүнсний төрөл хэрэглээ, ёс зүйг эртний монголчуудын таван тансаг идээгээ бэлтгэж хэрэглэдэг соёл, ур ухаантай нийцүүлэх нь та бидний эрүүл амьдархуйн үндэс болно .
АЙМГИЙН ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГШ, ТОГООЧ НАРЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ДАВААГИЙН НЯМСҮРЭН