“ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” Ц.АРИУНАА

Хуваалцах
Жиргэх

✍️ Өнөөдөр би Та бүхэндээ хүнсний аюулгүй байдалтай холбоотой цөөн хэдэн зүйлийг бэлтгэн хүргэж байна. Хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч олон хүчин зүйлийн дотроос хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг нь хүнс, хоол юм. Хоол нь боловсрогдоод хүний бие махбодид явагдах бодисын солилцоонд оролцож, эд эсийг нөхөн сэргээгээд ялгарч гардаг. Энэхүү хоол тэжээл гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухааны ойлголтыг бид даан ч бага мэддэг.

✍️ Монгол орны хүнсний аюулгүй байдал ямархуу түвшинд байгааг үнэлэхийн тулд түүний шалтгааныг дараах чиглэлээс эрэн сурвалжлах боломжтой.
Үүнд:
▪️ Импортын хүнсний их урсгал
▪️Хүнсний уламжлалт хэрэглээний алдагдал
▪️Хүрээлэн буй орчны бохирдол
▪️Хүнс үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл

✍️ Дээр дурьдсан хүчин зүйлс нь аюултай хүнс хэрэглэх суурь хөрсийг бүрдүүлж байгаа хийгээд, сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудын хамгийн дуртай иддэг чипс, өнгө, будаг орлуулагчтай ундаа, чихэр, бэлэн хоол, хийжүүлсэн ундаа, хиам, зайдас гэх мэт шарсан хуурсан, давсалсан, амталсан бүтээгдэхүүнүүдийн зарим түүхий эд, өнгө, үнэр, амт оруулагч нь технологийн нэмэлт орлуулагч, биологийн идэвхт бодис, генийн инженерчлэлийн аргаар бий болгож буй гэдгийг бид мэдсээр атал хэрэглэсээр л.

✍️ Мөн өнөөдрийн бидний хүнсний хэрэглээ нь харийн орны ёс жаягийг хэт хэлбэрдэн даган дууриадаг, гарал үүсэл, орц хольц нь тодорхойгүй хүнс, нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэдэг, үнийн хямд, сав баглаа боодлын өнгө үзэмжийг харж сонгодог, хаяг шошго, хадгалах хугацаа дууссан эсэхийг огт анзаарахгүй хүүхэд багачуудынхаа эрхэнд орж, дурласан бүгдийг нь идүүлдэг зэрэг буруу дадал зуршилтай байгаа нь эрүүл мэнддээ нөхөж баршгүй гарз хохирол учруулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

✍️ Хэн нэг нь хорт хавдраар, цус харвалтаар, элэг хатуурлаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд хөөрхийдөө гэж бодоод л өнгөрдөг. Цөсний чулуу авхуулаад, даралт ихдээд, ходоод өвдөөд, нойр муу, зүрх жаахан дэлсээд, таргалаад, өтгөн хатаад, нүүрээр юм гараад гэх мэт бараг л болох ёстой юм болж байгаа юм шиг л бид ярьдаг болж. Тэгвэл бидний биед үүсч байгаа олон төрлийн өвчний 90 орчим хувь нь буруу хооллолтоос үүдэлтэй цаашлаад цагаасаа эрт өвчлөх, цаг бус үхэл бүгд хооллолттой холбоотойг хоол судлаач эмч, эрдэмтэд аль эрт тогтоосон.

✍️ Иймд хүнсний аюулгүй байдалд хувь хүний хооллох соёл, хоол тэжээлээ тохируулаагүйгээс үүсэх өвчин, түүнээс сэргийлэх талаарх мэдлэг онцгой үүрэгтэй. Мэдээллийг унших гэдэг нэг асуудал, тунгаан бодож дүгнэх гэдэг өөр асуудал, амьдралд хэрэгжүүлэх гэдэг нь бүүр ч өөр асуудал.

✍️ Тиймээс хүнсний аюулгүй байдал гэдэг амь настай холбоотой асуудлыг зөвхөн хоол идэх гэсэн хэтэрхий энгийн ойлголтоор ойлгож, үл ойшоох вий гэж сэрэмжлүүлэн, буруу дадал заншлаа бага боловч зөвтгөөсэй хэмээн хүсэж, ялангуяа гэрийн эзэгтэй нар хүнсний сонголтоо зөв хийхэд суралцаж, гэр бүлийн гишүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хариуцлагатай оролцох цаг нэгэнт болжээ гэдгийг сануулан мэдээллээ дуусгая.