Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
![]()
Өнөөдөр би хуванцар сав, гялгар уутыг ил задгай хаясанаар байгаль орчинд цаашлаад хүмүүс бидний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөтэй байдаг талаарх мэдээллийг цухас хүргэе..
Судалгаагаар нийт хог хаягдлын 30 орчим хувийг хуванцар эдлэл эзэлдэг байна. Ус, ундаа, ургамлын тос, кетчуп, шампунь, угаалгын шингэн, хүүхдийн тоглоом гээд бидний өдөр тутмын ахуйн хэрэглээ бүгд хуванцараар хийгдсэн байдаг. Талх, боорцог, будаа, гоймонгийн уут бараг 90 хувь нь гялгар уут.
Энэ бүх хэрэглээ маань хог болж байгальд задрахын тулд 200-500 жил хөрсөнд хадгалагддаг ба ингэхдээ хөрсийг бүрэн үхжүүлж, хорт хий ялгаруулан эргэн тойрныхоо 70 орчим метр радиусыг шүлтлэгжүүлж, нар, салхины нөлөөгөөр урвалд орж химийн олон төрлийн хорт бодисыг ялгаруулдаг байна. Эдгээрээс хамгийн хортой нь хар тугалга байдаг тухай эрдэмтэн, судлаачид аль хэдийнэ тогтоож сануулсаар байна.
АШУҮИС-ийн НЭМС-ийн шим тэжээл судлалын тэнхэмийн багш Н.Туулийн нэгэн ярилцлагад “Хөрсний бохирдлыг үүсгэж буй хүнд металл бол хар тугалга. Хар тугалга нь мэдрэл, бөөр, цус бүтээх, нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Ер нь хар тугалгыг мэдрэлийн хор гэж нэрлэдэг бөгөөд хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай” гэжээ.
Гэтэл бид нялх балчир үрсээ “… шороотой холилдож байж хүн болдог” гээд л гадаа гүйлгээд байдаг. Гэтэл хүүхдүүд минь бохирдсон хөрс шороон дээр тоглож, зарим тохиолдолд хуванцар шатаасан агаараар амьсгалж биедээ хорт хавдарын эх үүсвэр болсон хар тугалгыг бага багаар шингээж байгаа гэж ерөөс бодсонгүй. Иймд эцэг эхчүүд Та бүхэн энэ талаарх мэдээллийг заавал дэлгэрүүлэн уншиж судлаарай. Би хувьдаа ингэж л ойлголоо.
Мөн энэхүү мэдээллийг бэлтгэх явцад судлаач Крайг Лийсон, Таня Стрийтер нарын 4 жилийн турш бүтээсэн “Хуванцрын далай” баримтат киноны тойм видеог үзлээ. Үнэхээр аймшигтай санагдлаа. Та бас заавал үзээрэй.
Өнөөдөр дэлхийн 90 гаруй улс хуванцар савны хэрэглээндээ хатуу хориг тавьсан байна. Тухайлбал Өмнөд Африкийн Кени улс. Тус улсад гялгар уут, хэрэглэх, худалдаалах, импортлосон тохиолдолд 4 жил хүртлэх хугацаанд хорьж, 40.000 доллараар торгодог гэнэ.
Энэ мэт хуванцар сав, гялгар уутны хор хөнөөлийг мэдэх тусам сэтгэл минь өвдөж байна. Иймд бидний хийж чадах цорын ганц зүйл бол ядаж ахуйн хэрэглээндээ хуванцар сав гялгар уутны хэрэглээгээ багасгаж, даавуун уутаа тогтмол хэрэглэж, хогоо ангилан ялгах дадал хэвшлийг гэр бүлдээ бий болгож, “дахивар” хог хаягдлаа тусад нь ангилж хоёрдогч түүхий эдийн төвүүдэд тушаадаг болмоор байна. Бид энэ 7 хоногийнхоо мэдээллийн төгсгөлд “дахивар” хог хаягдлын тухай цухас дурьдах болно.
“Хог нэг талаар хаягдал боловч бас баялаг” гэдгийг санаж хогоо ангилан ялгах, хогоо ил задгай хаяхгүй байх ахуйн наад захын соёлд суралцаж, соёлыг түгээцгээе. Байгаль дэлхийдээ ээлтэй зөв дадлыг хэвшүүлцгээя. Дахивар хогийг дахин ашиглахад хувь нэмрээ оруулцгаая. Та, бид бүгд соёл түгээгчид.