Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдөр миний бие Та бүхэндээ өвөрчлөлтэй холбоотой мэдээлэл өгсөн. Энэхүү мэдээллийг уншсан зарим хүмүүс “Өвөрчлөлөө яаж мэдэх вэ? , Өвөрчлөлд тохирсон хоол хүнсний талаар товч мэдээлэл өгч болох уу?” гэж асуужээ. Иймд энэ талаар хэдэн зүйлийг нэмж хэлье.
Өвөрчлөлөө мэдэж болох шинжүүдийг тоймолбол:
Хий давамгайлсан хүний бие туранхай, хөнгөн шингэн хурдан алхаатай, хурдан ярьдаг, юмыг хурдан тогтоож, хурдан мартдаг, юмыг их цочир хүлээн авдаг, амархан ядардаг. Энэ төрлийн хүмүүс сайн амарч, дулаан байж хүйтэн хоолноос татгалзах хэрэгтэй.
Голчлон идэж болох хүнс нь хар будаа, болгосон овьёос, бүдүүн гурил, хонь, үхрийн сүү, бяслаг, зөөхий, хонь, адуу, сарлаг, тахианы мах, ногоон сонгино, сармис, төмс, лууван зэрэг хүнсний ногоо, далайн замаг, мөөг, хунчир.
Харин зохистой биш хүнс нь цагаан талх, ямааны сүү, түүхий байцаа, хар цай, кофе, элсэн чихэртэй цай.
Шар давамгайлсан хүн ходоодны галын илч нь хурц тул идээ ундааны шингэц сайн. Хурдан хөлөрдөг, халуунд тэсвэр муутай, эрч хүчтэй чамбай, гярхай, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг. Амархан хямарч догдолдог, түргэн уурладаг, хоолны дуршил сайтай. Хооллох хугацаа 15 минутаас хойшлогдвол уурладаг. Амтлаг, гашуун, зунгааралдсан, давслаг, хоолонд дуртай. Энергийн ашиггүй сарнилт ихтэй тул идээ ундаагаар энергээ нөхөх шаардлагатай.
Голлон хэрэглэх хүнс нь хар будаа, сагаг, арвай, үнээ, ямааны сүү, жүрж, алим тарвас, айраг, тараг, ногоон цай, буцалсан усыг хүйтнээр,
харин хэрэглэхгүй байвал зохистой хүнс нь бор будаа, хар талх, хуучирсан тос, самрын тос, нимбэг, хатуу архи, дарс.
Бадгана давамгайлсан хүн зузаан лагс биетэй, илүүдэл жинтэй, гэхдээ хурдан таргалж, хурдан турдаг, ходоодны галын илч багатай, дулаан байхад дуртай гадаа бороотой үед гунигладаг, баргийн юманд амар амаглан байдлаа алддаггүй, тэсвэр хатуужилтай, бүх юмыг удаан тайван хийдэг, зөөлөн эвсэг хүн. Их арвич хямагч, зочломтгой, анхаарал халамжтай, хүүхдэд хайртай. Удаан жигд алхаатай, нойр ихтэй, удаан ойлгодог. Хоолны шингэц муу юм идсэний дараа ходоодын орчим таагүй оргидог. Удаан өлсгөлөн байж чаддаг.
Энэ төрлийн хүмүүсийн голлох хүнс нь зөгийн бал, үр тарианы гурил,зөөхий, өрөм, ааруул, айраг, адуу, хонь, сарлаг, ангийн мах, шинэ лууван, помидор.
Харин хар будаа, арвай, ямааны мах, өөхөн тос, жүрж, алим, тарвас, ус, ногоон цайг хүйтнээр хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй гэдэг.
Уламжлалт анагаах ухааны онолд дөрвөн улиралтайгаа уялдаад монгол хүний бие махбодод жилийн туршид хоёр, хоёр сараар хий, шар, бадганы бэлгэ чанар хурж, хөдөлж, амирлах үйл явц өрнөж байдаг гэдэг. Энэ ч утгаараа монголчууд хий, шар, бадганы бэлгэ чанарууд болон галын илчийн хүч ихсэж, багасдагтай уялдуулан хооллолтын нарийн дэг, ёстой байсан ард түмэн. Иймд Та бүхэн энэ талаар дэлгэрүүлэн уншиж судлаарай.
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН РЭНЦЭНГИЙН ДУЛАМСҮРЭН