Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Миний бие Та бүхэндээ эрүүл, аюулгүй хүнс бэлтгэхэд малчид ямар үүрэгтэй оролцох талаар товч мэдээлэл бэлтгэлээ. Малчны хот, тариан талбайгаас хоолны ширээ хүртэлх хүнсний сүлжээний бүх үе шатанд ямар нэгэн механик болон эм, бэлдмэл, химийн бодисоор бохирлогдоогүй хүнсийг эрүүл, аюулгүй хүнс гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий дахинд хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор Монгол улс 4-т, ходоод, элэг, нойр булчирхайн хавдрын өвчний улмаас нас барагсдын тоогоор 1-т орсон байна. Мөн хоногт 16 хүн хорт хавдраар өвчилсөн нь оношлогдож, 12 нь нас барж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байгаа ч түүний дотор химийн бодисын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ ихэссэнтэй холбоотойг эмч, мэргэжилтэнүүд онцолж байна.
Манай орны хувьд дэлхийд цорын ганц бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг хөдөө аж ахуйн орон бөгөөд уламжлагдаж ирсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үндсэн хүнс болгон хэрэглэж ирсэн ард түмэн. Тиймээс бид малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээ байгалийн гаралтай цэвэр, органик хэвээр нь хэрэглэгчдэд хүргэх талаарх мэдлэг, мэдээллээ зөвтгөх нь нэн чухал юм.
Хүнсэнд буюу мах, сүүнд байх ёсгүй эм, химийн бодисууд тухайн мал, амьтныг эмчлэх, тэжээх үед болон малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, боловсруулах, савлах, хадгалах, тээвэрлэх явцад зориулалтын бус сав, баглаа боодол хэрэглэснээс үүдэн хүнсэнд үлдэж хоцордог. Үүнийг хүнсэн дэх эм, химийн бодисын үлдэгдэл гэнэ.
Малын эм бүрийн зааварт тухайн эмийг хэрэглэснээс хойш хэд хоногийн дараа мах, сүүг нь хүнсэнд хэрэглэж болохыг заасан байдаг. Жишээ нь Пенициллин жи 10 хоног, Ивермектин 21-35 хоног, Сульфаметокси пиридазин 16 хоногийн дараа малын биеэс гадагшилна гэх мэт. Дээрх хугацаа дууссаны дараа мах, сүүг хүнсэнд хэрэглэж болно. Малын эмч нар малд эм бэлдмэл химийн бодисыг хэрэглэхдээ малчны өрхийн дэвтэр дээр тэмдэглэл хийж өгөх ёстой.
Тэгвэл малчид тарилга туулгынхаа хугацааг харгалзан малын биеэс эм, химийн бодисын үлдэгдэл гадагшилсаны дараагаар хүнсэнд нийлүүлдэг болов уу? гэсэн асуулт урган гарч байна. Зарим малчид өөрсдөө дур мэдэн таарах таарахгүй эм, тариагаар малаа эмчлэн, мах, сүүг нь тэр өдрөөсөө шууд хүнсэнд хэрэглэж, нийлүүлж байгаа нь ч бий.
Гэтэл эмийн болон химийн бодисоор бохирдсон малын мах, сүүг хэрэглэснээс хүний биед харшил, хордлого үүсэх, эмэнд дасал болох, хэт таргалах, удамшилд нөлөөлөх ба эхийн хэвлийд ураг амьгүй болох, хүүхэд эрхтэн системийн гажиг, согогтой төрөх, хавдар үүсэх зэрэг эрүүл мэндийн сөрөг үр дагаварууд бий болдог байна.
Мөн тарилга туулга хийлгээгүй эрүүл малынхаа сүү, тараг, айраг, цагаан идээг зориулалтын бус саванд хийж, химийн бодисын бохирдолтой болгох асуудал сүүлийн жилүүдэд бараг малчин өрх бүрт түгээмэл байна. Малаа саах, хадгалах, тээвэрлэхдээ будаг, цавуу, имульсийн сав болон химийн хор, бордооны шар, цэнхэр савнууд гэх мэт хуванцар л сав байвал юуных ч байсан хамаагүй ашиглаж байна. Эдгээр саванд бурхан аравнайлсан рашаан хийгээд ч чөтгөр шүгэлсэн хор болж хувирна гэдгийг бид ухаарах цаг болсон.
Усны тунгалаг агаарын цэнгэгт байж Монголчууд бид дээрх маш багахан бас энгийн дадал зуршлаасаа болж эрүүл, органик хүнсээ хортой хүнс болгон хэрэглэж, аймшигт өвчнөөр өвчилж байна. Хоног өдөртөө хохирол мэдэгдэхгүй учраас бид тэр хорыг гэр бүлээрээ хотол олноороо хэрэглэсээр л…. Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэг. Холыг бодож, харыг санаагүй бидний санаандгүй үйлдэл, дадал зуршлаас Монгол хүн бүрийн эрүүл мэнд, амь нас хамаатай.
Тиймээс хатуухан боловч гашуун үнэнийг ухаарч, бэлчээрийн малынхаа ашиг шимийг эм, химийн бодисоор бохирдуулалгүй, байгалийн гаралтай цэвэр хэвээр нь хүнсэндээ хэрэглэж, үндэснийхээ аюулгүй байдлыг болон үндэс угсаагаа хамгаалах нь Монгол хүн бүрийн тэр дундаа малчин хүн бүрийн үүрэг болоод байна.
Иймийн тулд бид энэхүү асуудлыг хөндөхийн хамт Таныг мал аж ахуй эрхэлж буй найз нөхөд, ахан дүүсдээ дээрх мэдээллийг дамжуулан хүргэж, хүн амыг эрүүл хүнсээр хангахад цаашлаад хүн амын эрүүл мэндийг хамгаалахад малчин хүний үүрэг, хариуцлага маш их гэдгийг сануулан уриалаасай хэмээн хүсч байна.