“ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” С.САНЧИР

Хуваалцах
Жиргэх

😃 Өглөөний мэнд хүргэе. 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

😃 Өглөөний мэнд хүргэе. 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн эрүүл зөв хооллолтын талаарх мэдлэг нэмэгдэж, эрүүл хүнс тэжээлд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Үүнийг дагаад бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдалд тавигдах шаардлагууд ч өссөн байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь химийн болон микробын бохирдолгүй байх ёстой бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчин, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байх нь чухал юм.

✍️ Бид өдөр бүр хэрэглэж буй хүнсний ногооноосоо амин дэм аваад байна уу, эсвэл тэдгээрээсээ хордоод байна уу. Монгол улс жилд импортын хүнсний ногоонд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг тухай гаалийн статистик мэдээ баримт байдаг бөгөөд нийт хүнсний ногооны зах зээлийн 80% (13.8 мянган тонн)-ийг гаднаас импортоор авдаг байна.

✍️ Гэвч импортын бүтээгдэхүүн нь удаан хадгалах зориулалттай байдаг тул янз бүрийн бодис түрхлэгтэй, алс хол зайд тээвэрлэлт хийдэг тул чанар байдлаа алддаг зэргээс хүний биед сөрөг нөлөөлөл үүсгэдэг. Дэлхий дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн өвдөж, 420 мянган хүн нас бардаг гэж ДЭМБ-ын тооцоогоор гарчээ.

✍️ Хүн амын хоол хүнсний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг тогтвортой хэмжээнд хадгалж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд газар тариалангийн бүтээгдэхүүнийг өөрийн оронд тариалж өөрсдөө зах зээлд нийлүүлэхэд тариалан эрхлэгчдийн үүрэг оролцоо туйлын чухал. Манай тариаланчдын хувьд органик материалыг ашиглах, зөвшөөрөгдсөн бодисоор өвчин, хортон шавжтай тэмцэх аргыг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай юм.

✍️ “Органик” гэдэг нь “ургамлын эсвэл амьтны гаралтай” гэсэн утгатай үг. Үүнд: Малын өтөг бууц, шувууны сангас, ургамлын үлдэгдэл ногоон бордуур, мод аргалын үнс гм. Органик тариалан эрхлэгчид нь хөрсний үржил шимийг хадгалж, нэмэгдүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж, хөрсөнд орших организмуудыг химийн бодисоор хордуулахгүй, зөвхөн органик бордоо, таримлын зохистой сэлгээ хэрэглэж хөрсний микробиологийн үйл ажиллагааг нь сэргээн сайжруулж байдаг байна.

✍️ Хөрсний элэгдэл, эвдрэлээс урьдчилан сэргийлэх аргуудаас хамгийн их ашиглагддаг нь сүрлэн хучлага хэрэглэх, нөмрөг таримал тариалах, таримлын сэлгээ, ээлжийг зохицуулах, хөрсний механик элдэншүүлгийг цөөлж цомхотгох аргууд ба ингэж чадвал элдэв төрлийн бордоо, хөрсний бүтэц сайжруулах бодис хэрэглэх зэрэг нэмэлт хөрөнгө оруулалтыг бууруулж, бүтээгдэхүүний чанар, гарцаа нэмэгдүүлэх боломжтой талаар тариаланчид ярьж байна..

✍️ Мөн ургамлын элдэв өвчин, хөнөөлт шавжийг эдийн засгийн хөнөөл учруулахаас сэргийлж таримлын эрүүл мэнд болон өвчин хортныг тэсвэрлэх чадварыг дэмжих, сайжруулахад голлон анхаарч ашигтай шавжуудыг орогнох орон байр, тэжээлээр хангах замаар дэмждэг ба хөнөөлт шавжийн тоо хэмжээ хөнөөлийн түвшинд хүрвэл тэдгээрийг байгалийн дайсан-ангууч организм, ургамлын гаралтай бэлдмэл ашиглан устгадаг байна.

✍️ Иймд химийн бордоо, инсектицид, фунгицид, гербицид, пестицид зэрэг хэрэглэх тохиолдолд оновчтой цаг хугацаанд нь зохистой тунгаар хэрэглэх нь хүн амыг эрүүл хүнсний ногоогоор хангахад нэн чухал аж.

✍️ Нэг зүйлийг онцолж хэлэхэд манай орны хувьд өвөлдөө -40 хэмийн хүйтэн, зундаа +40 хэмийн халуун болж, жилийн нийлбэр тунадас нь 100-400 мм-аас ихгүй хуурайшил нь хөрс, ус, ургамлыг байгалийн аргаар ариутган, халуун, дулаан, чийглэг уур амьсгалтай орнуудад байдаг элдэв өвчин, хортоноос ангид байх нөхцлийг бүрдүүлж байдаг учир үр тариа, төмс, ногоо, жимс жимсгэний амт чанар бусад улс орныхоос илүү байдаг юм байна.