“ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” М.ЗОЛЗАЯА

Хуваалцах
Жиргэх

😃 Өглөөний мэнд хүргэе. 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Өнөөдөр бүгдээрээ хэрэглэгч бидний гар дээр ирж буй хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, хэрэглэхэд худалдаачид ямар үүрэг, оролцоо ямар байх талаар хамтдаа ярилцая. Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал нэн чухал бөгөөд энэ талаар “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-д тусгайлан заасан байдаг.

✍️ Тус хуулиар худалдагч нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үүрэгтэй ба хэрэглэгч нь бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдах ёстойг зохицуулсан байна.

✍️ Дэлхий нийтийн хөгжил, хүн амын хэрэглээний чиг хандлагын өөрчлөлттэй уялдан манай улсад сүүлийн жилүүдэд олон улсын стандартад нийцсэн худалдаа, үйлчилгээний газрууд олноор бий болж, иргэд бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор авах боломж бүрдэж байгаа хэдий ч иргэдийн хувьд дийлэнх нь эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг сонгох талаар мэдлэг дутмаг магадгүй зарим хэсэг нь сав, баглаа боодол, үнийн дүнг харж сонголт хийдэг нь ч нууц биш.

✍️ Тиймээс худалдаа эрхлэгчид үйлчилгээний соёлоос гадна эрүүл хоол хүнс, хүнсний аюулгүй байдлын талаар зохих мэдлэгтэй, энэ чиглэлээрээ хэрэглэгчийг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг сонгоход тусалдаг байх нь чухал юм. Энэ талаар ч мөн хэрэглэгчийн эрхэд тусгагдсан байдаг байна.

✍️ Тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй бөгөөд бараа бүтээгдэхүүний талаарх доорх мэдээллийг авах эрхтэй байдаг байна.
• үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны болон бусад таних тэмдэг, таницын тухай код
• барааны зориулалт, хэрэглээний шинж чанар;
• барааны орц, найрлага, хадгалах, хэрэглэх арга зүй;
• барааны нэр төрөл, үнэ;
• барааны хэмжээ, хэмжих нэгж;
• барааны баталгаат болон эдэлгээний хугацаа;
• барааг зөв хэрэглэх тухай зааварыг

✍️ Гэтэл бид энэ талаарх мэдээллийг үйлдвэрлэсэн бүтэгээдэхүүнээс, худалдаалагчдаас бүрэн авч чадаж байгаа билүү. Бараг л үгүй. Хэрэглэгчид өөр өөрсдийн мэдлэгийн хүрээнд л сонголт хийж байгаа. Мэдээж худалдаа эрхэлж буй байгууллага, хувь хүнд хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх, савлах, хадгалахтай холбоотой хууль хяналтын байгууллагуудын шаардлага зохих ёсоор тавигдаж хангагдаж байдаг тул энэ талаар хөндсөнгүй.

✍️ Ганцхан хэрэглэгч бидэнд эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг сонгоход худалдаа эрхлэгчид борлуулж буй бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгч тусалдаг, зөвлөдөг байгаасай гэдгийг л хэлэх гэсэн юм. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулинд “Хуурамч хүнсний бүтээгдэхүүн” гэж хүнсний бүтээгдэхүүний орц найрлагад зайлшгүй орох зүйлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хийгээгүй, хассан, эсхүл, өөр зүйлээр орлуулсан, түүнчлэн муудсан, чанараа алдсан бүтээгдэхүүний өнгө үзэмжийг засах, жин хэмжээг нэмэх, хасах зэргээр бодит байдлыг нь нуун далдалсан, өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүнийг хэлнэ гэж заасан байдаг.

✍️ Тэгвэл бид өдөр тутамдаа хуурамч хүнсний бүтээгдэхүүн аваад байгаа ч юм шиг. Яагаад гэвэл хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошго дээрх мэдээлэл бүрэн гүйцэд эсэхийг бид мэдэхгүй байгаа. Хэрэглэгчид бид “Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгон дээр хүнсний бүтээгдэхүүнийхээ орц найрлагад орсон зүйлийг бүхэлд нь мэдээлдэг болов уу, өөр зүйлээр орлуулсан бол түүнийгээ тэмдэглэдэг болов уу” гэж өөр хоорондоо ярьцгаадаг. Тэгвэл наад зах нь үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид энэ талаарх мэдээллийг хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлдэг болчихвол бүх нийтээрээ эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхэд дөхөм болохсон.

✍️ Энэ мэт хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахад худалдаа эрхлэгчдийн үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг ойлгодог, түүнд суралцдаг худалдаачид хэр олон байдаг бол. Энэ бол үйлчилгээний маш том соёл. Хэрэглэгч бид ч бас худалдаа эрхлэгчдээс асууж лавлаж, хэрэв мэдэхгүй байгаа бол сонголт хийхгүй байх, эсвэл өөрөө энэ талаар мэдлэгтэй байх соёлд суралцах л ёстой болж байна.