Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Өнөөдөр би Та бүхэндээ хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шууд нөлөөлөх хүчин зүйл болдог тухай түүний дотор хуванцар сав, гялгар уутны хэрэглээ түүний хор нөлөөний тухай мэлээлэл бэлтгэн хүргэж байна.
Бид өдөр тутмын хүнснийхээ сав, суулга, баглаа боодолд гялгар уут, хуванцар сав, шил, хөнгөн цагаан сав, хүнсний шкочийг нийтлэг хэрэглэдэг. Гэтэл эдгээрээс тухайлбал, хөнгөн цагаан саванд нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний скочоор боож багласан жимс, ногоонд дотоод шүүрлийн булчирхайг өвчлүүлэх нэгдлүүд шингэх эрсдэлтэй. Нийлэг уутанд бэлэн бүтээгдэхүүн савлах явцад хөгц мөөгөнцөр ургах, бохирдох боломжтой ба нийлэг уутанд хадгалсан хүнсний бүтээгдэхүүнийг нарны гэрэлд байлгавал бүтээгдэхүүндээ хортой нөлөө үзүүлдэг. Хуванцар сав хорт хавдар үүсгэгч формальдегид, бисфенол А, стерин зэрэг бодисуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь хүний биед харшил үүсгэх, генийг гэмтээх, бага насны хүүхдийн элэг, бөөрийг гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг зэрэг мэдээллүүд маш их байна.
Гэтэл бид хамгийн гол хүнс болох ус, эрүүл, органик хүнс гэгдэх сүү, айраг, тараг зэрэг цагаан идээ, аян замын хоол хүнсээ ихэнхдээ хуванцар саванд хадгалсаар л. Монголчуудын 63 хувь нь шингэн хүнсээ хуванцар саванд түүний дотор 20 литрийн шар, цэнхэр саванд хадгалдаг гэсэн судалгаа байна. Сүү, цагаан идээгээ нэг удаагийн ус, ундааны саванд, харин хуурай хүнсээ ихэвчлэн гялгар уутанд хадгалдаг. Махаа ч мөн адил гялгар уутанд хийгээд л хөлдөөдөг.
Тэгвэл бидний хүнсэнд хэрэглэж байгаа нийлэг уутыг буруу хэрэглэсэн тохиолдолд тухайн хүнсний зүйл урвалд орж формалдегид, бензол, тлоул зэрэг органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг. Мөн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болдог тухай эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл, зөвлөмжид бичигдсэн байна.
Харин хуванцар саванд шингэн хүнс хийгээд удаан хугацаагаар хадгалах тусам хар тугалга, формальдегидын хэмжээ нь нэмэгддэг. Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалгын шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегидын шилжилтийн хэмжээ тосны канистерт 1800-3900, том цэнхэр саванд 3600-6900 дахин их агууламжтай байгаа ба энэ хэмжээ хадгалалтын хугацаа ихсэх тутам өсдөг гэдэг нь тогтоогдсон байдаг.
Мөн хуванцар саванд хадгалсан усыг хүнсэндээ хэрэглэсэн даруйд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөлөл гарахгүй, харин хор нь бага багаар шилжсээр өдөрт 2.5 л усыг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг 70 кг жинтэй хүн 5-10 жилийн дараа хавдраар өвчлөх магадлалтай гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хор судлалын алба”-ны дарга С.Өнөрсайханы нэгэн ярилцлаганд ч дурьдагдсан байна.
Энэ мэт зориулалтын бус сав, баглааны найрлага дахь бодис нь хүнсний бүтээгдэхүүнд яг л цайны идээ усанд уусан шингэдэгтэй адил шингэж, бид түүнийг нь хэнэг ч үгүй хэрэглэсээр, хордсоор л.
Иймийн тулд хүн бүхэн эрүүл мэндийнхээ төлөө хүнсний бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодолд эрүүл, эко, аюулгүй сонголтыг хийгээсэй хэмээн уриалж байна. Бид идэхийн тулд биш, эрүүл амьдрахын тулд иддэг гэдгээ үргэлж санууштай.