Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Байгаль дээр орших олон төрлийн хүнснээс хүний биед юугаар ч орлуулашгүй амин дэм, шим тэжээлт бодисыг агуулдаг төгс бүтээгдэхүүний нэг нь сүү юм. Сүү нь бие даасан үнэт хүнсний бүтээгдэхүүн төдийгүй төрөл бүрийн цагаан идээний түүхий эд болдог. Мөн эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой хүнсэнд тооцогддог идээ юм.
Монгол орны бэлчээрт 2000 гаруй ургамал ургадгийн 600 гаруй зүйл нь малын тэжээлийн ургамал үүнээс бог мал 300-400 , бод мал 60-80 төрлийн ургамал иддэг. Ийм учраас бэлчээрийн малын сүү нь шимт чанар, биолгогийн үнэт чанар төгс хүнсэнд зүй ёсоор ордог байна.
Сүүний найрлаганд ус, тос, чихэр, уураг, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис гэх мэт 300 орчим зүйлс их бага хэмжээгээр байдаг. Хонь, ямаа, ингэний сүүний гол уураг нь казейн юм. Казейн нь цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй. Мөн альбумин, глобулин зэрэг нь дархлаа сайжруулдаг маш чухал үүрэгтэй уурагт тооцогддог.
Уургийг 20 гаруй төрлийн амин хүчил бүрдүүлж байдаг ба үүнээс 12 төрлийн амин хүчил нь хүний биед нийлэгжээд бий болдог бол 8 төрөл нь нийлэгждэггүй. Эдгээр 8 төрлийн амин хүчилд байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд шим тэжээлийн болон биологийн төгс чанарыг нь илтгэж байдаг.
Сүүний бүрэлдэхүүн дэх эрдэс бодисууд хүний биед олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь, кальци зүрхний хэвийн хэмнэлийг тогтоон барьж, зүрх судасны тогтолцооны хэвийн ажиллагааг хангадаг. Кальци ба фосфор ясыг бэхжүүлж шүдийг эрүүл байлгадаг. Төмөр нь цус төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн сүү нь хүнд метал, хорт бодисыг саармагжуулдаг тул хортой нөхцөлд ажилладаг хүмүүс сүү уудаг. Хавдрын эрсдлийг бууруулдаг селен сарлагын сүүнд илүү агуулагддаг.
Энэ мэт сүүний шимт чанар асар их юм. Исэг идээний талаар хэдхэн зүйлийг онцолж хэлье. Исэг идээнд олон төрлийн ашигтай амьд бичил биетүүд агуулагддаг. Хүний биеийн хоол боловсруулах замд 500 орчим төрлийн 2-3 кг бичил биет байдаг гэдэг. Хүний биеийн хоол боловсруулах замын өвчлөл нь бүдүүн гэдэсний ялзруулагч нянгийн үүсгэдэг хорт бодистой шууд холбоотой. Тэгвэл хүн эдгээр хорт бодисыг саармагжуулдаг хүнс идэж байж ашигтай бактераа дэмжих ёстой. Ийм хүнсэнд айраг, тараг, цэгээ гэсэн исэг идээнүүд ордог.
Тарганд В ийн төрлийн витамин их байдаг. Гүүний айрганд үл орлогдох амин хүчил, ханаагүй тосны хүчил нэлээд агуулагддаг болохоор хүний биед амархан шингэдэг. Айрганд витамин С ихээр агуулагддаг тул зун цагт өдөр бүр айраг уувал арьс зөөлөрч, өнгө нь сэргэж, уян хатан болно. Мөн нүдний хараа сайжран, тэнхээ тамир ч нэмэгддэг.
Энэ мэт Монголчуудын уламжлалт хүнс болох сүү, цагаан идээний шимт чанарыг тоочоод баршгүй тул энэхүү уламжлалт идээ ундааныхаа соёлыг орчин цагийн идээ ундаатайгаа зөв хослуулан хэрэглэх нь эрүүл мэндийн онцгой чухал ач холбогдолтойг санаж хоол хүнсэндээ цагаан идээгээ түлхүү хэрэглэх нь зүйтэй юм. Цагаан идээнээсээ бид бүх төрлийн амин дэм, эрдэс бодисоо нөхөх бүрэн боломжтой.