“ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” Ц.АРИУНАА

Хуваалцах
Жиргэх

😃 Өглөөний мэнд хүргэе. 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын цөм хэсэг, хүн төрөлхтөний орших, эс оршихын үндэс бол хүнсний аюулгүй байдлын асуудал юм. Монгол улсын төрөөс хүн амыг чанарын баталгаат хүнсээр хангах, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний бүх хүрээнд эрүүл ахуй, ариун цэвэр, чанар, аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Органик хүнсний тухай хуулиуд баталж, эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд 19 журам, аргачлал, заавар зөвлөмж, нийт 753 стандартыг мөрдөн ажиллаж байна.

✍️ Үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүрэг бөгөөд иргэдээ аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломжоор хангах, хамтран ажиллахад төр онцгой анхаарна хэмээн Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд дурьдсан байдаг. Энэ ч утгаараа хүнсний талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд зөвхөн төр засаг, хүнс үйлдвэрлэгч, борлуулагчаас гадна нийгмийн бүх салбарын оролцоо түүний дотор хэрэглэгчийн оролцоо маш чухал юм.

✍️ Хэрэглэгч бүр хүнсний ухаалаг, соёлтой хэрэглээг амьдрал ахуйдаа хэвшүүлж, хүнсний чанар аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байж, үйлдвэрлэгч, худалдан борлуулагч, үйлчилгээ үзүүлэгч нарт нийгмээрээ жигд шаардлага тавьдаг байх ёстой. Хүнсний түүхий эдийн анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсийг савлах, шошголох зэрэг хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Тэгвэл энэ бүх үе шатанд хэрэглэгчийн, иргэний нийгмийн байгууллагуудын хяналт, оролцоо маш чухал юм. Ялангуяа импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ бид онцгой анхаарах цаг болсон.

✍️ Ер нь дэлхийн улс орнууд хүнсний асуудалдаа онцгойлон анхаардаг. Жишээ нь, Хятад улсын хүнснээс европын орнууд маш их болгоомжилж байна. Энэтхэгт Генийн өөрчлөлттэй үрийг хэрэглэхгүй, өөрсдийхөө эрүүл үрийг тарихын төлөө 30 жилийн турш тэмцэж, энэ хугацаанд 100000 тариачин амиа хорлосон. Оросын нутгаас “Coca-cola”, “Pepsi”, “McDonalds”, “KFC” зэргийг шат дараалан гаргаж байна.
Орост генетикийн өөрчлөлттэй хүнс, үр тарианы эсрэг багц хууль баталсан зэрэг мэдээллүүдийг олон нийтэд мэдээлсэн байдаг.

✍️ Иймд хувь хүн өөрөө зөв зохистой идээ ундаагаа сонгож, хэрэглэж хэвших, ингэх нөхцөл бололцоог төр засаг, төрийн бус байгууллага, иргэд хамтран бүрдүүлснээр хоол хүнснээс үүдэлтэй өвчнүүдээс сэргийлээд зогсохгүй, эмчилгээнд зарцуулагдах олон сая төгрөгийг хэмнэх, амь насаа хамгаалах боломжтой болох юм.

✍️ Монголчууд бид уламжлалт хүнс мах, сүү, гурил, үр тариа, төмс, хүнсний ногоо, давс, ус зэргээс гадна импортын төрөл бүрийн бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнс, биотехнологийн аргаар гаргаж авсан болон генийн өөрчлөлттэй хүнс, хувиргасан хүнс, үндсэн найрлагыг нь орлуулсан хүнс, зохицуулах үйлчлэлтэй хүнс, биологийн идэвхт хүнсний нэмэлтүүд гэх мэт тоо, чанарын олон төрлийн хүнсээр хооллох болсон тухай Та бидний бэлтгэсэн мэдээллүүдээс ерөнхий цогц мэдээллийг авсан гэдэгт итгэлтэй байна. Энэ бүх мэдээллүүдээ дэлгэрүүлэн судалж идээ ундаагаа зөвтгөх асуудлыг амьдрал ахуйдаа дадал болгон хэрэгжүүлэх нь улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэн хүний хувьд оруулж буй томоохон хувь нэмэр юм.

✍Соёл түгээе” төслийн багийн гишүүн Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны дарга, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Тэргүүлэгч
ЦЭНД-АЮУШИЙН АРИУНАА