“ИДЭЭ УНДААГАА ЗӨВТГӨХҮЙ” М.ЗОЛЗАЯА

Хуваалцах
Жиргэх

😃 Өглөөний мэнд хүргэе. 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Хүн төрөлхтөний амьд явах, эрүүл байх анхдагч хэрэгцээ бол хүнс. Хүнсний аюулгүй байдлын асуудал нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын цөм хэсэг болох тухай мөн Монгол улсын төрөөс хүн амыг чанарын баталгаат хүнсээр хангах, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний бүх хүрээнд эрүүл ахуй, ариун цэвэр, чанар, аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Органик хүнсний тухай хуулиуд баталж, эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд 19 журам, аргачлал, заавар зөвлөмж, нийт 753 стандартыг мөрдөн ажиллаж байгаа тухай өмнөх өдрийн мэдээлэлд дурьдагдсан.

✍️ Тэгвэл эдгээр эрх зүйн актууд хэрхэн хэрэгжиж буй талаар 2017 онд “Хүнсний аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын дүн шинжилгээ”-г улсын хэмжээнд хийж хүнсний хангамж, хүртээмж, хүнсний илчлэг, шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тодорхойлжээ. Дээрх үнэлгээгээр хүнсний хангамж хангалтгүй тодруулбал хүнсний гол нэрийн 8 бүтээгдэхүүний импорт зөвхөн нэг улсаас 30-аас дээш хувиар хамаарсан, хүртээмжийн хувьд 71,7 хувьтай, илчлэг, шим тэжээлийн хувьд 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь Д аминдэмийн дуталтай, А амин дэмийн дутлын тархалт “дунд зэрэг”, төмөр, иодын дутал тодорхой түвшинд байна гэсэн дүгнэлт гарсан байна.

✍️ Харин Хүнсний аюулгүй байдлын тухайд улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний 9.6 мянган дээжинд хийсэн химийн шинжилгээгээр 4 хувь нь бохирдолтой, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар 2017 онд илэрсэн нийт 28.2 мянган зөрчлийн 19.2 хувь нь ариун цэвэр, эрүүл ахуйн зөрчилтэй гэж гарсан байна.

✍️ Иймд Монгол улсын Засгийн газраас хүнсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн тус бүрээр бодит үр дүнд чиглэсэн бодлого, арга хэмжээгээ эрчимжүүлж 2019 оны 1 сард “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг 2023 он хүртэл хэрэгжүүлэхээр баталжээ.

✍️ Хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн хувьд үр дүнтэй ажлууд нэлээд хийгдсэнийг онцлон хэлэх нь зүйн хэрэг юм. Тодруулбал, Орон нутагт мах боловсруулах стандарт шаардлага хангасан үйлдвэрүүд бий болж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчид, хүнсний чиглэлээр худалдаа үйлчилгээний газрууд нэмэгдэж, иргэд орон нутгаасаа хүнсний бүх л төрлийн бүтээгдэхүүнээр хангагдах нөхцөл бүрдсэн байна. Мөн нийтийн хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл явуулдаг байгууллага, иргэдийн мэдлэг дээшилж сүүлийн 2 жилд хоол хүнсээр дамжих халдварт өвчин бүртгэгдээгүй байна. Мөн “ДАВСГҮЙ ЦАЙ” уух хөдөлгөөн өрнүүлж, давсны хэрэглээгээ багасгасан айл өрхийн тоо эрс нэмэгдсэн зэрэг ололттой олон ажлуудыг хийжээ.

✍️ Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Соёлыг түгээе” аяны хүрээнд бид асуудлыг хөндөх, цаашлаад асуудлыг шийдвэрлэхэд ямар бодит оролцоотой байх вэ гэдэг дээр илүүтэй анхаарч байгаа тул бид дээрх хөтөлбөрт дурьдагдсан зарим арга хэмжээг Та бүхнийхээ дэмжлэг, оролцоотойгоор хэрэгжүүлж болох юм гэж бодогдлоо.

✍️ Тухайлбал тус хөтөлбөрт хүн амын хүнсний хэрэглээ, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх чиглэлээр “Ээжийн сонголт-Эрүүл хүнс” болон “Өглөөний цай” хөдөлгөөнийг өрнүүлэх, “Органик сум” хөдөлгөөнийг өрнүүлэх гэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

✍️ Энэ нь бидний өмнөх мэдээллүүдэд бичигдсэн “Гэрийн хоолны цэс” “тэй болох, “Хуванцар савны хэрэглээнээс татгалзах ялангуяа малчдын хувьд” гэсэн санаануудтай ерөнхийдөө ижил тул бид дээрх арга хэмжээг төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж болох юм.

✍️ Ер нь аливаа хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа хамгаас чухал байдаг тул энэ талаар аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлага гарган Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах болно оо.

🖌 АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ МАНГАЛЖАВЫН ЗОЛЗАЯА