Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Эрхэм хүндэт хүүхэд багачууд, хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, эцэг эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөе.
Аливаа улс орны хөгжил ард түмнийх нь соёл, боловсролын түвшнээр илэрхийлэгддэг. “БИЛИГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” аяны эхний 7 хоногийн мэдээлэл бүхэлдээ уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд чиглэгдэх тул өнөөдөр миний бие Монгол улсын боловсролын түүхтэй холбоотой хэдэн зүйлийг онцлон Та бүхэндээ хүргэе.
Монголчууд өнө эртнээс соёл, боловсролоо хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн нь олон арван түүхийн сурвалж, эрдэмтдийн судалгаа, дүгнэлтээс тодорхойлогдож байдаг. Их Монгол улс байгуулагдаж 1941 он хүртэл уйгаржин монгол бичиг, 1941 оноос шинэ монгол үсгийг хэрэглэж эхэлсэн ба бичиг үсэг гэдэг аливаа улс үндэстэний язгуур өв соёл тул 1921 оноос бүх нийтээр бичиг үсэгтэн болох хөдөлгөөний эхлэл тавигдаж, 1970 он гэхэд хүн амын 89,3 хувь нь бичиг үсэгт тайлагдсан хэмээдэг.
Ийнхүү бүх нийтээр бичиг үсэгтэй болох хөдөлгөөн эхэлж байсан 1921 онд боловсролын тогтолцоо гэрийн сургалт, бүлгэм, түр сургууль гэсэн 3 үндсэн хэлбэртэй байсан. 1921-1940 онд боловсролын салбар цэцэрлэгээс дээд сургууль хүртэл шат дараалсан сургалттай нэгдсэн тогтолцооны суурь тавигджээ. Тухайн үеийн гэрийн сургалт нь 2-3 шавьтай сайн дурын үндсэн дээр багш, шавь хоёрын хичээл зүтгэл дээр тулгуурлан явагдаж шавь бүрийн сурах чадварт тохируулан хичээллэдэг байсан нь өнөөгийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжиж байсныг илтгэнэ.
Монгол улсын боловсролын хөгжлийн түүхийг 1921 оноос өмнөх, хойш гэж хоёр хэсэгт хувааж үздэг. 1920 он хүртэл эртний Монголд хүмүүжил гэгээрлийн ажил үүсэн хөгжиж, XIII-XVII зууны үед Их Монгол улс, түүний дараах үеийн гэгээрэл боловсролын ажил, 1969-1920 он хүртэл Манжийн ноёрхолын үе, Олноо өргөгдсөн Монгол улсын үеийн сургууль, гэгээрлийн ажил, 1921 оноос сургууль гэгээрлийн байгууллага дахин байгуулагдан бэхжин хөгжиж нийтийг хамарсан анхан шатны боловсролтой болгох зорилт хэрэгжиж эхэлсэн байдаг.
Харин 1990 оноос Монголчууд оюуны эрх чөлөө эдлэх асуудалд ганц үзэл онолоор бус олон ургалч үзлээр хандах болсноор чөлөөт сэтгэлгээ, үндэсний үзэл, өв уламжлал, шашин соёлоо эрхэмлэн хөгжүүлэх шинэ эрх зүйн нөхцөл бүрдсэн байдаг.
Боловсролын салбарын энэхүү хөгжлийн үе шат бүхэнд орчин цагийн мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх бодлого явж ирсэн нь үнэхээр бахархууштай юм. Номыг дээдлэх, багшийг хүндлэх гээд номын номтой, хүний номтой болох төлөвшил хүмүүжлийн ажил ялангуяа 1940 он хүртэл эцэг эхчүүд, ихэс өвгөдийн үг сургааль, үйл хэргээр дамжин хүрдэг байж. Энэ талаар манай дараа дараагийн цуврал мэдээллүүдэд бичигдэх тул мэдээллээ дуусгая.
АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЖАМГАНБАЗАРЫН ПҮРЭВСҮРЭН