“БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” А.ӨНӨДЭЛГЭР

Хуваалцах
Жиргэх

😃 Өглөөний мэнд хүргэе. 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️ Хүндэт эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэхийн хамт аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Соёлыг түгээе” төслийн багт ажиллаж “БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” аянд оюун бодлоороо хувь нэмэр оруулах болсондоо билэгшээж байна.

✍️ Үр хүүхэддээ эрдэм боловсрол олгох, тэднийгээ зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлэхэд суралцсаар яваа ээжийн хувьд, “НОМЫН СОЁЛ”-ыг орон нутагтаа түгээн дэлгэрүүлэхээр хичээж буй хүний хувиар уншсан, сонссон, судалсанаа Та бүхэнтэйгээ хуваалцах болсондоо баяртай байна.

✍️ Монголчууд эрт цагаас үр хүүхдээ эрдэм номонд сургахын сацуу хүн байх, зөв явахын ухааныг өвлүүлэхдээ “Биеэр үлгэрлэж, дагуулан сургах”-ыг эрхэмд үзэж байжээ. Энэ талаар То вангийн “Аж төрөхийн сургаал”-д маш тодорхой бичигдсэн байна. Тухайлбал, Та хүүхдээ 0-5 насанд дэргэдээ өсгө, 6-10 насанд дэргэдээсээ бүү холдуул, 11-13 насанд нь хөдөлмөрт сурга, 13-15 насанд биеийг нь даалга, 15-аас дээш насанд найз нөхөд лугаа харилц гэжээ.

✍️ Ийн сургахдаа хүүхдийг хэлд ормогц эрхлэх дуун бүү гаргуул, хөлд ормогц дөрвөн зүг, найман зовхисийг ойлгуул, гар эвлэмэгц хөдөлмөрт сурга, мэхэсхийж чадмагц нь ёслох хүндэтгэхэд сурга хэмээж. Мөн охин хүүхэд гэрийн доторх ажилд, эрэгтэй хүүхэд хонь хурга хариулах, аргал түлш бэлтгэх зэрэг гэрийн хөдөлмөрийн хуваарьт оруулж, аав ээжийн зааваргүйгээр хийх ёстой ажлаа өөрөө мэдээд хийдэг болгох хэрэгтэйг зөвлөжээ.

✍️ Энэ бүхнийг эргэцүүлэн тунгаахуйд өнө эртнээс бидэнд өвлөгдөн ирсэн “Хүнээр хүн хийх амаргүй шүү” хэмээх өвгөдийн захиас гүн гүнзгий утга агуулгатай байж. Мөн одоог хүртэл бидний ой тойндоо тунгааж явдаг “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг”, “Эх нь булингартай бол адаг нь булингартай” хэмээх мэргэн үг ээжүүд биднийг үр хүүхэддээ “БИЕЭР ҮЛГЭРЛЭХ”-ийг сургажээ.

✍️ Иймийн тулд бид эцэг, эх болсон тэр цагаас эхлэн насан туршдаа үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх үүрэг, хариуцлагаа умартаж болохгүй бөгөөд эрдэм номонд шамдах, ажил хөдөлмөрийг эрхэмд үзэх, хүнд тустай байх, хүнийг хүн ёсоор хүндэтгэх, ахуй амьдралаа өөд татах, ёс заншил, өв соёлоо өвлүүлэн үлдээх зэрэг бүхий л үйл хэргээрээ үр хүүхдээ үлгэрлэн дагуулах нь эцэг эхчүүд бидний эрхэм үүрэг гэдгийг үргэлж санууштай юм.

✍️ Томчууд бидний сайн, муу үлгэрлэл хүүхэд багачуудад дадал хэвшил болж цаашлаад зан авир болж төлөвшинө гэдгийг тунгааж, Та хүүхэд бүхэнд өөрийн хүүхэд мэт хандан зөвийг зөвлөж, бурууг ойлгуулж, сайныг захиж, сайн үйлээр үлгэрлэн дагуулах нь нэн тустай. Монголчууд хэзээнээс л “Нохойгоо өмгөөлсөн айл айлтай таарахгүй, хүүхдээ өмгөөлсөн хүн хүнтэй таарахгүй” хэмээн ярьдаг байсан нь хүүхдийг “Үг сонсож сургах” гэсэн гүнзгий утга учиртай байж.

✍️ Энэ мэт Монголчуудын үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх арга ухаанаас тунгаан бодсон хэдэн зүйлээ ийнхүү сийрүүлэн бичлээ. Биднийг өлгийдөж хүн болгон хүмүүжүүлсэн уламжлалт арга ухаан бол яахын аргагүй үнэт өв соёл тул энэ талаар Та дэлгэрүүлэн судалбал Монгол ээж ТББ-ын үүсгэн байгуулагч, соёл судлаач Ц.Наранхандын “Эх үрийн судар”, “Үрийг хүмүүжүүлэх судар” зэрэг номноос үзээрэй.

✍️ Бас л уншиж судалмаар, амьдрал ахуйдаа мөрдөж хэрэгжүүлмээр хүүхэд хүмүүжлийн олон зүйлийг тус номонд бичсэн байна. Үйл хэргээрээ үлгэрлэн үр хүүхдээ сургахын тухайх бодолд минь санаа нэмэрлэж хуваалцаарай гэж уншигч Танаас хүсье.

🖌 “БЭСТ” БИЧИГ ХЭРЭГ, НОМЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН МЕНЕЖЕР А.ӨНӨДЭЛГЭР