“БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” А.ӨНӨДЭЛГЭР

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ Энэ 7 хоногт бид нийгмийн үе, үе хоорондын ялгааны талаар онцолж ирээдүйд улс эх орны түүхийг бүтээх, хөгжлийг түүчээлэх өнөө цагийн шинэ үеийнхэн, Z үеийнхэн гэж нэрлэгдээд буй хүүхэд, залуусын сурч, хөгжих, зөв хүн болон төлөвшихөд нь үе үеийнхэний оролцоо ямар байх талаар ярилцаж байгаа. Өнөөдөр миний хувьд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо ямар байх талаар бодлоо хуваалцая.

✍️ Бид гэртэй бараг л хүн бүхэн интернэт ухаж, цахим орчинд дэндүү их цаг гаргадаг болж. Иймд бид хүүхдэдтэйгээ ярилцах, бага насны хүүхдүүдтэйгээ тоглох, ном уншиж өгөх, тэднийхээ баяр хөөрийг нь хуваалцдаг байх амьд харилцааг чухалчлах хэрэгтэй юм.

✍️ Амжилтаараа Финлянд хүүхдүүд дэлхийд гайхагдаж байна. Тэгвэл Финляндчууд “Хүүхэд зүгээр л тоглох ёстой. тоглонгоо хөгжүүлэхэд зарцуулсан 1$ ийн хөрөнгө оруулалт эргээд нийгэмд 7-12$-ын өгөөж өгнө. Тоглонгоо найзтай болно, бусдыг ойлгож, хүндэлж сурна, харуицлага хүлээж сурна. . .” гэжээ.

✍️ Мөн дэлхий нийт хүүхдэд STEAM боловсрол олгохыг чухалчилж байна. Монголд ч адил STEAM хөтөлбөр нэвтэрсэн.”БЯЦХАН ЭРДЭМТЭН СИД”- ийн тухай хүүхэлдэйн киног Та мэдэх байх. Энэ кино хүүхдэд STEAM боловсрол олгоход их тустай гэдэг. Энэ мэт эцэг эхчүүд бидэнд үр хүүхдүүдийнхээ эрдэм, боловсролд анхаарахын тулд өөрөө хөгжих, мэдээллийг эрж хайхаас эхлээд олон асуудал тулгарч байна. Зөвхөн эрдэм, боловсролоос гадна зөв хандлагатай хүн болоход нь ихэд анхаарах цаг болсон мэт.

✍️ Хандлага зөвтэй хүнд аливааг эерэг талаас нь харж чаддаг, бэрхшээлийг даван туулах арга замыг олж харахыг хичээдэг, бусдын асуудлыг өөрийн мэт ойлгодог, аливаад чин сэтгэлээсээ хандаж чаддаг, сурах хөгжих эрмэлзлэлтэй, талархаж, уучилж чаддаг, хариуцлага итгэл даадаг, өөрийн үнэт зүйлсээ мэддэг, энэрэн хайрлах сэтгэлтэй …. гээд бүхий л эерэг зан төлөв шингэсэн байдаг.

✍️ Хүний тархи нь эргэн тойронд байгаа хүмүүсийг автоматаар хуулбарлан дуурайдаг болохыг шинжлэх ухааны баримтаар аль хэдийн нотлогдсон. Мэдлэг, чадвартай, IQ өндөртэй хүн амжилтанд хүрдэггүй, хандлага зөвтэй хүн амжилттай амьдардгийг Стандфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн харуулжээ.

✍️ Иймээс ч “Хэнээр өөрийгөө хүрээлүүлнэ тийм л хүн болдог”, “Та, таны эргэн тойронд байгаа 5 хүний дундаж нь”, “Хандлага халдварладаг” гэдэг үг ч гарчээ. Эцэг, эхчүүд бүр л үр хүүхдүүдийнхээ ирээдүйн замыг зөв засахын тулд хамгийн түрүүнд “ЗӨВ” хандлагатай хүн бүтээхийг хичээдэг.

✍️ Эрдэм номыг эрхэмд үздэг, насан туршдаа суралцдаг, өөртөө итгэлтэй, өөрийнхөө давуу талыг улам илүү өнгөлөн сайжруулахыг хичээдэг, өнөөдрийн хийсэн бүхэн ирээдүйг нь бүтээж байдаг гэдгийг үр хүүхэддээ ойлгуулж өөрөө зөв хандлагатай байж үлгэрлэн яваасай гэж бодон “Сурах чиглэлийг эрхэм болговол, Хандах зүг өөрөө тогтоно” гэсэн нэгэн цагийн удирдагч эрхэм Д.Сүхбаатарын үгээр энэхүү бичвэрээ өндөрлөе.