“БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” С.САНЧИР

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ Мэдлэг, ур чадвар, хандлагын нийлбэрээр хувь хүний чадамжийг үнэлэх, үр дүнд суурилсан суралцахуйн шинэ чиг хандлагын тухай яригдаж буй энэ үед бид “БИЛИГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” аяныхаа энэ 7 хоногийн мэдээллээр хувь хүний заавал эзэмших ёстой дотоод буюу зөөлөн ур чадваруудаас онцлох болсоноо Та бүхэнд дуулгасан. Тэгвэл өнөөдөр миний бие “Өөртөө итгэх итгэл” хэмээх ур чадварын тухай мэдээлэл бэлтгэлээ.

✍️ Боловсролын тухай хуулинд “Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” хэмээсэн байдаг. Тэгвэл энэхүү бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болохын тулд юун түрүүнд өөртөө итгэх итгэлтэй болоход суралцах ёстой болов уу.

✍️ “World Economic Forum”-ийн шинжээчдээс 2020 онд эрэлттэй байх 10 гол чадварыг жагсаасан ба тэдний таамаглалаар хамгийн чухал ур чадварыг хүнд хэцүү асуудлыг шийдэх чадвар гэж нэрлэж. Өөрт тохиолдсон аливаа #асуудлыг_шийдвэрлэж чаддаг байх нь бидний өөртөө итгэх итгэлээс ихээхэн хамаарна. Өөртөө итгэх итгэл бол өөрсдийнх нь тухай сэтгэгдэл, өөртөө өгч буй дүгнэлт. Чи хэр үнэ цэнэтэй байх талаарх чиний ухамсарт шингэсэн цогц мэдрэмж. Үнэ цэнэтэй, хэрэгтэй байх нь чиний оршин буйн, бусдаас ялгарахын утга учир юм.

✍️ Өөртөө итгэх итгэлийн тухайд олон судалгаа, мэдээлэл, тайлбарыг уншиж болох боломж дүүрэн. Эзэн Чингис хаанаас эхлээд энэ цагийн амжилтад хүрэгсдийн өөртөө итгэлтэй байдлыг дөвийлгөн гаргасан ном зохиолууд ч бий. Өөртөө итгэлтэй хүмүүс өөрийнхөө алдаанаас айдаггүй, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг, эрсдлээс айхгүй зоримог алхмуудыг хийж чаддаг, стресс түгшүүрт бага автдаг, хурдан сэргэж чаддаг гэж үздэг.

✍️ Өөртөө дулимаг итгэлтэй хүмүүс атаархуу, өвчинд өртөмтгий, найз нөхөдгүй байдаг гэсэн судалгаа ч байх. Өөртөө итгэх итгэлээ өнгөлж, уралдаан тэмцээний ялагч болсон, гадаад хэлийг амархан сурсан, олиггүй зуршлаа хаясан, амжилтад хүрсэн тухай судалгаанууд ч байна. Энэ бүхнийг олж уншаарай.

✍️ Өөртөө итгэх итгэл хэмээх ур чадварыг өөрөө эзэмшихээс гадна үр хүүхдүүддээ эзэмшүүлэх нь бас чухал. Бага балчраас багахан үүрэг хүлээлгэж, хариуцлага даалгаж, урам өгч, итгэл үлдээж сурмаар. Атга чихрээр биш алт шиг үгээр мялааж сурмаар. Гэтэл ”Өө чи ийм амархан юм хийж чадахгүй” гээд #буруушаах, “чи тэр найзыгаа хар” хэмээн #харьцуулах, “хийж чадвал авч өгнө” хэмээн #хариу_нэхэн хайрлах нь л буруу л арга барил болов уу. Хүүхдийн дахин алдах вий гэсэн айдас, би найзаасаа муу хэмээх гутранги бодол, түгшүүр л тэдний өөртөө итгэх итгэлийг алдагдуулдаг юм билээ.

✍️ Нийгмийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрч, шүүмжилж биш дагаж, зэрэгцэн амьдарч, өөртөө болон үр хүүхэддээ итгэл оноон, өөрийнхөө үнэлэмжийг товойлгон амьдрах нь Таны заавал эзэмших ур чадвар. За манайхан, санаа оноогоо, онолын мэдлэгээ, өөрт хуримтлуулсан туршлагаа хуваалцаарай.

#Та_бид_соёл_түгээгч_билээ