Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Өнөөдөр миний бие хувь хүний заавал эзэмших ур чадваруудын нэг болох харилцаа, багаар ажиллах ур чадварын тухай бодлоо хуваалцахаар бэлтгэлээ. Харилцааны тухайх ойлголт нь маш өргөн утга агуулгатай байдаг тул чухам аль талаас нь бичих вэ гэдэг миний хувьд хэцүүхэн байлаа.
Би гэр бүлийн дотор ээж, хань, эгч, дүү, ажлын байран дээрээ багш, ажилтан, хамтрагч, найз нөхдийнхөө дунд итгэлт найз нь, дэлгүүрт ороод худалдан авагч, эмнэлэгт хэвтэхээр бол өвчтөн, цайны газар орвол үйлчлүүлэгч . . . ингээд бодохоор би гэдэг хүн их олон дүрд хувирч их олон хүнтэй харьцдаг юм байна. Энэ бүх дүрүүд надад өөр өөр харилцааг ч мэдрүүлдэг юм байна.
Гэхдээ мэдээж харилцан бие биедээ сайхан сэтгэгдэл үлдээсэн, хүндлэл мэдрэгдсэн тэр л харилцаа сэтгэлд нэг л сайхан мэдрэмж өгдөг гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз. “. . . Ээж өнөөдөр ёстой сайхан ааштай байна, нөгөөдхөө хэлье. Манай багш өнөөдөр биднийг загнаагүй. Энэ худалдагч охин их сайхан харилцаатай хүүхэд, энэ хүүхдээс асуугаа дхий. Энэ эмчид л үзүүлнэ сайхан зантай эмч гэж хүмүүс ярьдаг юм билээ. Дарга нэг л биш ээ чи орж ажлаа танилцуул” ийм үгнүүдийг Та лавтайяа олон сонссон байх. Эндээс “Би хэн бэ” гэдгийг миний бусадтай харилцах харилцаа шууд тодорхойлох мэт. Иймийн тулд л бид харилцааны ур чадварт заавал суралцах ёстой юм.
Харилцаа нь 2 буюу түүнээс дээш хүмүүсийн хооронд үүсэх тул харилцан бие биенээ хүндлэх, сонсох, нээлттэй ярилцахаас эхлээд хувь хүнээс олон ур чадвар шаардана. Мэдээж бид харилцааны ур чадварт суралцсанаар багийн дотор хэн байхаа тодорхойлж чадна. Харилцаааны талаар их энгийн ойлголтоор бодлоо хуваалцлаа. Харин багаар ажиллах ур чадварын тухайд онолын мэдээлэл заавал чухал тул доктор Белбины багийн 8 төрлийн үүргийг онцолсон тодорхойлолтоос товчлон танилцуулья.
Багийн дотор бүхнийг бодитой зохион байгуулдаг “хэрэгжүүлэгч”, багийн гишүүдээ сонсдог, үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлдог, аль талаараа сайн харилцагч байдаг “зохицуулагч”, яриа хэлэлцээгийн уялдаа холбоог эрж олохоор зүтгэдэг, үр дүнд нь сэтгэл ханадаг “хэлбэржүлэгч”, жижиг бус том, зөвхөн суурь асуудлыг голлон хардаг “ургамлын үр цацагч хүн”, багийг зогсонги байдалд орох, хоцрогдох, бодит байдлаас тасрах аюулаас авардаг “нөөцийг эрэлхийлэгч”, аливаад нухацтай тайван ханддаг “үнэлэгчид”, багийн гишүүдийн сэтгэл хөдлөлийг маш сайн ойлгодог “багт үгүйлэгдэгсэд”, бүхий л зүйлийг өөрийн биеэр шалгаж , бүх зүйлийг гүйцэтгэсэн эсэхийг баталгаажуулахаас нааш санаа нь амардаггүй “эцэслэн гүйцэтгэгч” гэсэн үүрэг бүхий хүмүүс байж байж л үр дүнтэй баг ажиллана гэжээ.
Иймд Та ” Би багт хэн бэ” гэдгээ бас “Та хэнийг багтаа ажиллуулах вэ” гэдгээ дэлгэрүүлэн судлаарай. Баг бол хамтдаа амжилтанд хүрэх арга зам мөн тул бид багаар ажиллах арга зүйд суралцах нь бас л чухал ур чадвар тул бид ийнхүү онцолж байгаа юм.
Сэдвийн агуулга их том тул аль өнцгөөс нь гаргах вэ гэдгээ бодож уншсан, сонссоноо бас өөрийн бодлоо багахан зайд ийнхүү сийрүүллээ. Эрхэм уншигч Та өөрийн мэдлэгээ бидэнтэй хуваалцаарай.