“БИЛЭГ УХАААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ”

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ Хүүхдүүд ямар нийгэмд, ямар орчинд өсч, хүмүүжиж байгаа нь тэдний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Дижитал дэлхий, цахим нөхөрлөл, үзэл бодлын нээлттэй илэрхийлэл гээд энэ үеийн хүүхэд залуусын харах өнцөг, бодол сэтгэлгээ, сонирхол бусад нийгмийн үеүдээс өөр гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Энэ хэрээрээ тэд хувийн орон зайгаа их чухалчилдаг. Орчин үеийн хүүхдүүд миний хувийн орон зай, надад битгий саад бол, ганцаараа баймаар байна гэдэг үгийг түлхүү хэрэглэх болсон байна.

✍️ Бидний яриад байгаа Z үеийнхэн, тэдний дараагийн үе болох 2010 оноос хойш төрөгсөд буюу Альфа үеийнхэн эцэг эхээсээ ч хурдан сэтгэдэг, чөлөөтэй илүү ухаалаг болж байгаа талаар судлаачид бичиж байна. Тэд шинэ зүйлийг маш амархан сурч, анхаарлаа төвлөрүүлж чаддаг болсон. Үүнийг эцэг эхчүүд, багш нар бид ойлгохгүй орчин үеийн хүүхдүүдийг “Хэцүү болжээ, үг хэл нь дийлдэхээ байлаа” гэх мэтээр ярих болсон.

✍️ Зүй нь бид нийгмийн шинэ нөхцөлийг ойлгож, хүлээн зөвшөөрч, харин хэрхэн тухайн цаг үетэйгээ хөл нийлэн алхах тухай ярих учиртай юм. Би нийгмийн ухааны багш мэргэжилтэй болохоор энэ талаар хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Хүүхэд бүрийн зан төлөв өөр өөр. Тухайлбал “Аав намайг эмч бол гэдэг. Би аавтайгаа адилхан биш. Хүн өөрийнхөөрөө л байх ёстой гэж боддог. … Би бүжгийн дугуйландаа явахдаа л хамгийн аз жаргалтай байдаг. Даанч ээж маань дургүй” гэх мэтээр хүүхдүүд ярьдаг. Тэхээр бид заримдаа өөрийн бодлыг хүүхэддээ хэт тулгадаг гэдэг нь зөвхөн энэ 2 жишээнээс харагдаж байна.

✍️ Иймд багш нар, нийгмийн ажилтанууд, эцэг эхчүүд гээд хүүхдийг хүрээлж байдаг томчууд хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог, сонирхол, хүсэл мэрээдлийг нь мэдэрч тэднийг ойлгож, бас нөгөө талаас хүүхдүүд маань ч томчуудад өөрийн бодол саналаа нээлттэй илэрхийлж харилцан ярилцдаг байх нь зөв хүн болж төлөвшөхөд, эрдэм номондоо шамдан суралцахад нь маш чухал түлхэц болно.

✍️ Ажиглаад байхад хүүхдийн зан төлөв, сурлага хүмүүжил бага, дунд ангидаа нэг өөр, ахлах ангидаа бүр эрс өөр болох тохиолдол байдаг. Энэ бүхэнд анги удирдсан багш, эцэг эхийн хамтын ажиллагаа маш чухал. Өөрөөр хэлбэл хүүхэд ямар хичээлдээ дуртай байна, юунд илүү цаг гаргаад байна, ах эгчтэйгээ нээлттэй ярилцаад байна уу эсвэл найз нөхөддөө илүү итгэж ярилцдаг уу, ганцаараа байх дуртай юу гээд энэ бүхнийг ажиглаж, мэдэрч хүүхдүүдтэйгээ харьцах ёстой.

✍️ Хүүхдэд хамгийн чухал хүн ээж байдаг. Монголчуудын хэлдгээр хүйн холбоотой гэдэг. Хүн ямар төрлийн хүн болох вэ, хэр өөртөө итгэлтэй хүн болох вэ гэдэг ээж нь хүүхдэдээ хэрхэн ханддагаас шалтгаалдаг гэж би хувьдаа боддог. Хүүхдээ “Чамайг юу ч болсон хамгаална, чиний талд зогсоно” гэдэг мэдрэмжийг байнга өгдөг байх хэрэгтэй. Ялангуяа бага, дунд ангид байх насанд нь.

✍️ Уйлахад нь тэвэрдэг. Нүд рүү нь эгцэлж хараад инээдэг. Эерэг мэдрэмжийг өгөх тусам хүүхэд өөрийнхөө талаар эерэг төсөөлөлтэй болдог. Тэр хэрээрээ би ч бас бусад хүмүүст итгэж болох юм байна. Хүмүүс надад хайртай юм байна гэсэн бодолтой болно. Эцэг эхчүүд нь эерэг мэдрэмжүүдийг өгч чадаж байвал хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл хүн болж хөгждөг байна. Сэтгэл эрүүл байвал бие эрүүл, билиг ухаан нь эрүүл байна. Санал бодлоо хуваалцаарай.

🖌 ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА С.АЗЖАРГАЛ