Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Энэ удаад миний бие Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын талаарх бодол эргэцүүллээ дэлгэж Та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцахаар бэлтгэлээ. Боловсрол бол аливаа улс үндэстэн хөгжин цэцэглэх, эрүүл тэгш нийгмийг бүтээхэд нөлөөлөх хамгийн чухал хөрөнгө оруулалт билээ.
Тиймээс ч Нэгдсэн Үндэстний Байгууллагаас “Боловсролыг Нэгдүгээрт” санаачлагыг гаргаж Боловсролын талаарх баримтлах бодлого бүхий л улс үндэстний хөгжлийн бодлогын цөм нь байхыг хүсч, дараах 3 зүйлийг бодлогодоо тусгахыг дэлхийн улс орнуудад уриалжээ.
1-рт. Хүүхэд бүрийг сургуульд сургах. Хүүхэд бүрт боловсрол эзэмших тэгш эрхийг хангах өгөх
2-рт. Боловсролыг чанарыг дээшлүүлэх. Зөвхөн сургуульд сургах нь хангалттай бус, амжилттай сургахад гол нөлөө үзүүлэгч багшийн чанарт анхаарлаа хандуулах
3-рт. Дэлхийн иргэнийг хөгжүүлэх. Боловсрол эзэмшсэнээр хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэнэ гэхээсээ илүү Чанартай, үнэ цэнэтэй амьдрал бүтээхэд чиглэх
Монгол улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод СӨБ-ыг “Хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэхээс илүү “Хүний хөгжлийн үндэс, хүүхэд бүрийн онцлог чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн хөгжүүлнэ” гэж тодорхойлжээ.
Бага насны хүүхдийн тархины хөгжлийн талаарх судалгаа дэлхий нийтэд эрчимжиж, тэднийг хөгжүүлэх төрөл бүрийн аргачлал түгэн дэлгэрсээр байна. Тухайлбал Монтессори, Глейн Домайн, Масару Ибука ……. гэх мэт. Эдгээрт: Хүүхдийн 0-5 насыг хамгийн ихээр чухалчлан үзэж хүний хөгжлийн “Алтан үе” хэмээж энэ үеийн хөгжлийг “Хэзээ ч хоцорч болохгүй Галт тэрэг” гэж томъёолжээ. Харин 2-7 насыг ирээдүйн бүх дадлын суурь үе тогтдог үе гээд энэ наснаас хойш тархины хөгжлийн хурд 50 хувиар буурдаг болохыг судалж тогтоожээ.
Бага насанд бий болсон мэдрэлийн эсийн холбоосууд нь тархины хөгжлийн суурь болж, хүүхдийн бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэнд, насан туршийн суралцах чадавх, аливаа өөрчлөлтөд дасан зохицох сэтгэл зүйн чадварын үндэс болдог ажээ.
Хүний амьдралыг Торхтой зүйрлээд, торхыг бүтээхэд шаардлагатай модны зүсмэл хэсгийг Оюун ухаан, Бие бялдар, Нийгэмшихүй гэж үзвэл аль нэг нь бусдаасаа намхан байвал торхонд ус хийхэд тэр намхан модны хэмжээнд хүрээд цааш хичнээн ус хийсэн ч гадагш асгаран торх хэзээ ч дүүрэхгүй. Тиймээс эдгээр 3 чадварын алийг нь ч орхигдуулалгүй хамтад нь хөгжүүлж байж л бидний үр хүүхэддээ хүсээд байдаг амжилт, төлөвшил, ирээдүйн амьдрал нь тэгш дүүрэн байх суурь тавигдах юм.
Миний хувьд өөрөө 3 хүртэлх насны хүүхэдтэй ээжийн хувьд СӨБ-оор хүүхдийн Оюун ухаан, Бие бялдар, Нийгэмшихүй гэсэн гурван чадварыг хамтад нь хөгжүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй гэж үздэг.
Эцэг эхчүүд ч үүнд анхаарч дан ганц оюун ухааны хөгжилд чиглэсэн тоо, үсэг, сампин……гэх зэрэгт анхаарлаа хандуулж бие бялдрын хувьд сул дорой, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, өөрийгөө болоод бусдыг ойлгодоггүй, аливааг даван туулах чадваргүй нэгэн болгохоос болгоомжлох нь зүйтэй. Мөн СӨБ-ын байгууллагын орхигдуулсан чадварыг Гэр бүлийнхээ хүрээнд олгох тал дээр анхаарч байгаасай гэж хүсч байна.
Энэхүү мэдээллийг анхаарал хандуулан уншсан Танд талархаад, СӨБ-ын талаар өөрийн санал бодлоо харамгүй хуваалцахыг хүсье.
![]()