Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Миний бие мэргэжлийн боловсролын салбарт ажилладаг хүний хувьд мэргэжлийн боловсролын чиг хандлага, түүний үнэ цэнийн тухай хэдэн зүйлийг онцлон өнөөдрийн мэдээллээ бэлтгэлээ.
Технологийн асар хурдацтай хөгжлийн цаана зарим ажил мэргэжлүүд байхгүй болж байгааг олон улсын зөвлөх компани McKinsey & Co-ийн судалгааны тайланд бичигджээ.
Тус тайланд “. . . Хүмүүсийн ажил амьдрал үндсээрээ өөрчлөгдөж байна. Дэлхийн ажиллах хүчний 60 хувь нь ажил үүргийнхээ гуравны нэгийг хийх шаардлагагүй болно. 2030 онд 375 сая хүн ажил мэргэжлээ солино. АНУ-ын ажлын байрны 47 хувь нь хүний оролцоогүй болж автоматчилагдана” гэжээ.
Үүнийг бид зөвхөн технологи өндөр хөгжсөн улс оронд хамаатай гэж тоохгүй орхих боломгүй юм. Өнөөдөр банк, санхүү, худалдаа, үйлчилгээ гээд бараг л бүх салбарын ажиллах хүчний бүтцэд төсөөлөхийн аргагүй өөрчлөлтүүд аль хэдийнэ гарч эхэлсэн. Банкны теллерийн ажлыг АТМ машин хийдэг болсон, төрийн ихэнх үйлчилгээг ТҮЦ машинд хуруугаа хийгээд л авдаг боллоо, автобусанд картаа уншуулж зорчдог болсон, замын хөдөлгөөнийг камерийн системээр хянадаг болсон. Энэ мэт урьд өмнө хүний хийдэг байсан ажлууд автоматчилагдаж байгаа нь хүүхэд залуусын мэргэжил сонголтод бага боловч нөлөөлж байгаа нь лавтай.
Үүнийг бид зам, барилга , уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт өсөн нэмэгдэж буй мэргэжилтэй ажилтаны хэрэгцээнээс харж болохоор байна. Нийгмийн хамгааллын судалгааны институтын 2019 оны хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаагаар дээд боловсролын ажил мэргэжлийн эрэлтээс илүү мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаар бэлтгэгддэг ажил мэргэжлүүдийн эрэлт хэрэгцээ их байгааг тодорхойлсон байна. Судалгааны үр дүнд мэргэжлийн боловсролын шаардлага хэрэгцээ өндөр байгааг дурьдаад сүүлийн 8 жил дараалан хамгийн их эрэлттэй байгаа барилга угсралтын туслах ажилтан, хамгаалагч, цэвэрлэгч, барилгын засалчин, шаварчин, арматурчин, цахилгаанчин, оёдолчин, тогооч, жолооч, борлуулагч зэрэг ажил мэргэжлүүдийг судлан гаргасан байна.
Бас нэг баримт дурьдахад 2019 онд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгэний ерөнхий газарт 20.7 мянган ажилгүй иргэн бүртгэлтэй байгаагийн 10.9 хувь нь мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчид, 52.9 хувь нь их дээд сургууль төгсөгчид байна. Эндээс хөдөлмөрийн зах зээл дээр дээд сургууль төгсөгчдийн ажлын байрны эрэлт муу, харин нөгөө талаас мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуусын ажил хайлт бага байгаа нь харагдаж байна. Үүнийг онцолсоны учир нь миний хэлэх гээд байгаа гол санаа бол бид дээд боловсролоос илүүтэй мэргэжлийн боловсролын тухай ярих, анзаарах ёстой болж байна л гэх гээд байгаа юм. .
Мэргэжлийн боловсролын шинэчлэлийн хүрээнд МСҮТ, Политехник коллеж төгсөгчдийг суралцах явцад нь гарааны бизнесийн болон жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээрх бизнесийн төслийг нь дэмжих, ажил олгогч эзэд, хөдөлмөрийн зах зээлтэй шууд холбож ажлын байранд зуучлах зэрэг асуудлыг төрөөс онцгойлон анхаарч байгаа нь сайшаалтай юм.
Харин эцэг эхчүүд, хүүхэд залуусын ой тойнд дээд сургуульд л орж байвал ямар ч сургууль яахав гэдэг бодол байсаар байгааг сануулан мэдээллээ дуусгая. Та бүхэн минь бодлоо хуваалцаарай.