БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” С.УНДРАХ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ Дэлхий ертөнц асар хурдацтай хөгжиж буй өнөө үед хүүхэд залуусын мэдлэг, ур чадвар, хандлагыг боловсролын бүх үе шатуудад хэрхэн хөгжүүлж, төлөвшүүлэх тухайх агуулгаар энэ 7 хоногийн мэдээлэл үргэлжилж байгааг эрхэм уншигч Та анзаарсан биз ээ.

✍️ Тухайлбал, сургуулийн өмнөх боловсрол нь насан туршийн боловсролын суурь үе, бага, суурь, бүрэн дунд боловсрол нь бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхдийг төлөвшүүлэх, амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ерөнхий суурь чадамжтай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа бол мэргэжлийн боловсрол нь хувьсан өөрчлөгдөж байгаа ур чадварын эрэлтэд хариу үйлдэл үзүүлэх, чадамжид суурилсан хөтөлбөрөөр хэрэгжиж байгааг тус тус онцолсон билээ.

✍️ Энэ бүгдийг онцолсоны учир нь бид боловсрол гэдэг зөвхөн мэдлэг биш бас чадвар болжээ гэдгийг хэлэхийг хүссэн юм. Мэргэжлийг тодорхой хугацаанд суралцаад эзэмшдэг бол боловсролд насан туршдаа суралцах нь ээ. Ийм учраас “ДИПЛОМ”-ыг бус мэдлэг, ур чадвар, хандлагын цогцыг чухалчилж буй боловсролын шинэчлэлд бид үр хүүхдээ бэлтгэх бас өөрөө бэлтгэгдэн насан туршдаа суралцахуйд суралцах ёстойг л онцлоод байгаа юм.

✍️ Өнөөдөр хүн бүхэн их, дээд сургуулиар эзэмшсэн боловсролоо би боловсролтой болчихлоо гэж бодоод байна. Гэтэл өнөөдөр их дээд сургууль төгсөгчдийн 40 хүрэхгүй хувь нь л хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн 24 хувийг дээд боловсролын тогтолцоогоор бэлтгэдэг мэргэжил эзэлж байна гэсэн судалгаа байна. Ажил олгогч нар ерөнхийдөө харагдах төрх байдал, ажил үүрэгтэй холбоогүй хувь хүний ур чадваруудыг илүүтэй харж сонгон шалгаруулалт хийдэг болсон тухай Та манай зочин ШУТИС-ийн багш, доктор/Ph.D/ Н.Нямдоржийн мэдээлэлд бичигдсэн. Энэ бүхнийг ургуулан бодохуйд бид хэрхэн боловсрол эзэмших тухайгаа бодох цаг болжээ.

✍️ Иймд бүгдээрээ энэхүү аяны хамгийн эхний өдрийн мэдээлэлд бичигдсэн билиг ухаан бол бидний ой той, оюуны чадамж, бодол сэтгэлгээ, эрдэм мэдлэг, арга ухааны цогц бөгөөд амьдралын минь залуур юм гэдгийг эргэн санаж бид ажилтай, орлоготай, чанартай амьдрахын тулд зөвхөн дээд боловсролд биш насан туршийн боловсролд суралцах ёстой хэмээх ойлголтыг үр хүүхдүүддээ ойлгуулан таниулаарай .

✍️ Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Соёлыг түгээе” төслийн багийн билиг ухаанаа хөгжүүлэхүйн тухай мэдлэг цуглуулж, мэдлэг түгээхийг хичээсэн 9 дүгээр сарын аян маань өндөрлөж байна. Амралтын өдрүүдээр бид зочдынхоо мэдээллийг хүргээд 9 дүгээр сарын 28-ны өдөр ээлжит “LIVE”- аа хийж сарын турш хөөрөлдсөн сэдвээ дүгнэн ярилцаж дараа сарынхаа аяны богцыг задлах болно.

✍️ Бидэнтэй хамт байсан Та бүхэндээ баярлалаа. Та, бид, бүгд соёл түгээгчид билээ.