Хиймэл, оюун ухаан, их өгөгдөл, интернэт зэрэг технологийн дэвшил нь сурах, сургах үйл ажиллагааг өөрчилж байна. Боловсролын салбарт парадигмын буюу үзэл баримтлалын цоо шинэ шилжилт эртнээс гарч эхэлсэн. Энэ хүрээнд дараах 5 чиглэлээр саналаа хуваалцъя.
Багшийн ажлын өөрчлөлт:
Багш мэдлэг дамжуулах ажлаас чөлөөлөгдөж байна. Өмнө нь багш мэдлэгийн эх үүсвэр байсан бол өнөөдөр сурагчид технологийн давуу талыг ашиглан мэдлэгийг өөрсдөө олж авах боломж бүрдээд байна.
Тэгвэл багш юу хийх ёстой вэ? Хүүхэд бүрийн онцлогийг тодорхойлж, ямар авьяас, чадвар, сонирхолтой хүүхэд вэ? гэдгийг олж илрүүлэх, хайж олох, түүн дээр үндэслэн хөгжүүлэх ажлыг л сэтгэл зүтгэлээ зориулан чадварлагаар хийх явдал юм. Хүүхдийг таних, оношлох асуудал ЧУХАЛ… Авьяасыг нь үнэлж буй газар залуучууд ажиллана.
Тархи судлал:
Тархи судлалын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байна. Хүүхдийн тархины нейроны тоо нь насан хүрэгчдийнхтэй ижил гэдгийг эрдэмтэд тогтоочихсон. Бүр 5 наснаас өмнө математикийн хичээлийг заах шаардлагагүй гэж үздэг үе саяхан байсан. Гэтэл хүүхэд эхийн хэвлийд байхдаа 1, 2 гэдэг тооны ялгааг мэдэрдэг гэдэг нь нотлогдоод байгаа.
Нейроны шинжлэх ухаан ингэж эрчимтэй хөгжсөнөөр хиймэл оюун ухааны шинэ салбар хүчтэй түрж орж ирэв. Өөрөөр хэлбэл эдгээрийн цаана бид сурган, заах арга зүйн асуудлаа эргэж харах цаг болсон. Сурган заах арга зүйг хэрэглэдэг онолыг Педагог гэдэг. Харин 2008 оноос ХЬЮТАГОГ гэдэг арга зүй гарч ирсэн. Энэ бол БИЕ ДААН СУРАЛЦАХ АРГА ЗҮЙ. Яаж хүүхэд өөрөө сурах вэ?, өөрөө өөрийгөө хэрхэн хөгжүүлж, сурах арга барил эзэмших вэ? гэдгийг багш нар эрж хайх хэрэгтэй байна.
Стэнфордын их сургуулийн багш, эрдэмтэн Карл Двейк “Ой ухаан” номдоо хүүхдийн оюуны хөгжил нь “тогтмол”, “хөгжиж” байдаг гэсэн 2 янз байдаг. Багаасаа их магтуулсан хүүхдийн оюун ухаан багаасаа ТОГТЧИХдог, илүү сэтгэхээ больдог. Харин алдаа хийдэг, шүүмжлэлд их өртдөг хүүхдийн оюун ухаан ХӨГЖИЖ байдаг. Тэд алдаанаасаа суралцдаг гэжээ.
Стратегийн тэргүүлэх чиглэл:
Дэлхий ертөнц улам бүр даяарчлагдаж, шинжлэх ухаан, технологи, хэвлэл мэдээлэл, хүний хүчин зүйл, нийгмийн амьдрал, хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй болж байгаа шинэ зуунд:
Эх хэлний боловсрол, монгол хэлний мэдлэг чадварыг сайжруулах, хүүхэд бүрийг бичгийн соёлтой болгоход анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Гадаад хэл, тэр дундаа англи хэл… багш нар англи хэлний чадвартай болох ёстой. Англи хэлийг сурсан хүүхэд цаашдаа хөгжих боломж хамгийн их байна.
Хүмүүжил-Энэ үгнээс хэзээ ч татгалзаж болохгүй. Багаас нь дэлхийн нийтлэг соёлын хэм хэмжээг эзэмшүүлэх ёстой.
Нээлттэй боловсрол:
Мэдлэг бол нийгмийн бус бүх нийтийн баялаг болжээ. Өөрөөр хэлбэл мэдлэг гэдэг бол зөвхөн төрийн мөнгөөр бус хүн бүр баялаг бүтээх боломж бүрдсэн. Тиймээс мэдлэгийг бүх нийтэд нээлттэй хүргэх ёстой.
Дэлхийн олон улс орон шилдэг багш нарынхаа материалыг нээлттэй болгож эхэлсэн. Энэ нь боловсролыг ардчилж буй нэг хэлбэр юм. Kovid19 цар тахлын үед бид цахим сургалтын ач холбогдол үнэ цэнийг мэдэрч, онлайн хичээлүүдийг байршуулж ажилласнаар багш нарт үр өгөөжөө өгч чадлаа.
Маш олон чадварлаг багш нар цахим хичээлийг зааж, хүүхдэд хүргэсэн нь бидний олж харах ёстой нөөц байсан. Онлайн сурах бичгүүдийг олноор бэлдэх, байршуулах нь байнга шинэчлэгдэж, алдаа нь засагдаж байх сайн талтай бөгөөд багшийн ажлыг асар их хөнгөвчлөх боломж бүрдэх юм.
Нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлүүдийг бий болгох, дэлхийн олон шилдэг багш нар хичээлүүдээ “МООС” /нийтийн нээлттэй цахим сургалт/-д байршуулж, өөрийнхөө лекц, хичээлийг байнга баяжуулах боломж бүрдсэн байна.
Системийн сэтгэлгээ:
Өнөөдрийг хүртэл бид аналитик сэтгэлгээгээр явж ирсэн. Асуудлыг задалдаг, анализ хийдэг…Гэтэл системийн сэтгэлгээ бүхлээр нь харахыг шаарддаг. Учир шалтгааныг олж, үр дагаврыг нь харах ёстой. Багш хүн бол системийн сэтгэлгээтэй байх нь ажилд нь сайн нөлөө үзүүлнэ.
Дээрх 5 чиглэлд эрхэм уншигчид Та бүхэн түүний дотор багш нар минь саналаа уралдуулж, мэдлэгээ хуваалцаарай.