“АРГА БИЛГИЙГ ТЭГШИТГЭХҮЙ ” Н.ӨНӨРЖАРГАЛ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ Монголчууд эртнээс эр хүнийг айл гэрийн ноён нуруу, гэрийн эзэн хэмээн хүндэлж цайныхаа дээжийг ханьдаа барьж, малгай бүсийг нь дээш залж , хийморь золбоог нь ёс төгөлдөр бадрааж ирсэн ард түмэн. Энэ бүх хүндлэл, ёс жаягийн гүнд эр хүний хайр халамж, өмөг түшиг, нөмөр нөөлөг хэмээх асар их оюуны болоод сэтгэлийн бяд оршин байдаг болов уу. Энэ бяд амьдралд өнгө нэмж, бүсгүйчүүд бидэнд илч болж, ухаарал бэлэглэж, амьдрал тэгширдэг гэж би хувьдаа боддог. Ийм бодлоор өнөөдөр миний бие эр хүний хань байх ухааны талаар өөрийн бодлоо хуваалцахаар бэтгэлээ.

✍️ Хүний хань гэдэг золоор учирсан, ерөөлөөр учирсан энэ амьдралын хамгаас эрхэм нэгэн бөгөөд амьдралын их замд хазайхад түшиж, хальтархад тулах хүч юм. Гэрийн хоймрийг эзлэн суух ханийнхаа эрхэм сайн чанар бүхнийг өнгөлөн тордох нь нэг талаас эхнэрүүд бидний үүрэг ч юм.

✍️ Эр хүн гэдэг үрийнхээ дуунд номхордог, ханийнхаа хайранд уярдаг, эхийнхээ үнэрт уусдаг ийм л эгэл нэгэн зүрх. Ийм эгэл хэрнээ түүний ухаанд дэлхий багтдаг тул эмэгтэйчүүд бид ханиа хүндэлж, магтаж харин эрчүүд минь хайр дааж, хүндлэл дааж хоёр биедээ түшиг, тулгууртай байх нь л бүхнээс эрхэм. Үүнд нь л бидний ярих “АРГА БИЛИГ” орших болов уу.

✍️ Монгол эр хүний 5 шинжийг алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахигч байх хэмээгээд эдгээр 5 шинжийг өөрт суулгаж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэжээ. Эзэн байна гэдэг утга агуулга талаас нь хөөвөл ямар нэгэн юмыг бүрэн эрхтэйгээр эзэмших эрх эдэлсэн хүнийг хэлэх аж.

✍️ Тэгвэл эр хүнд ийм их хэмжээлшгүй эрхийг өгсөн тул эр хүн Та энэ дайны үүргийг, хариуцлагыг бас хүлээх нь. Энэхүү үүрэг хариуцлагыг хүлээхдээ эр хүнд байх дээрх 5 шинжийг өөрт шингээхийн тулд суралцах, хичээх хэрэг гарах нь ээ. “ЭР ХҮН” та хэр алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёстой вэ?

✍️ Энэ асуултыг заавал өөрөөсөө асууж, өөртөө хариулаарай Эрчүүд ээ. Бас бүсгүйчүүд Та бүхэн энэ асуултаар нөхрийгөө, ханийгаа шинжээд нэг үзээрэй. Багахаан нийтлэлээ бичин суухдаа “… Эр хүнд бурханаас өгсөн бяр тэнхээ, хүч тамир нэгэнт бий тул хайр халамж, уян дулаан сэтгэл, ууч зан, төвшин араншинг өөрт төлөвшүүлж чадвал хайртай хань нь, энхрий бяцхан үрс нь сэтгэл амгалан байж, өргөө гэр нь түвшин сайхан байж, амьдрал аяндаа арга билгийнхээ ухаанд хөтлөгдөн өнгөлөн дэвжих учиртай . . . ” хэмээн бодлоо.

✍️ Анхааран уншсан Та бүхэндээ баярлалаа. Сайн хань байхын тухайх бодлоо хуваалцаарай Эрчүүдээ. Бас ханийнхаа эрхэм сайхан чанаруудаас хуваалцаарай Бүсгүйчүүдээ. Бид бүгд СОЁЛ ТҮГЭЭГЧИД . . .