🙋 Гэгээн өглөөний мэнд хүргэе.
“Эрхэмсэг оршихуйг тэтгэхүй” 10 дугаар сарын “Соёлыг түгээе” аяны хүрээнд хүүхдийн хүмүүжилд ээжүүд, эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагын талаар “Хүнээр хүн хийх ухааныг судлахуй” сэдвээр мэдээлэл бэлтгэлээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагын ажилтны хувьд сүүлийн үед гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрх зөрчигдсөн, насандаа ахадсан амьдрал туулж яваа хүүхдүүдийн кейс, тоо баримт олон гарч байна. Эндээс харахад ээжүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн маань хүүхдийн хүмүүжилд анхаарал, халамж тавих байдал сул, магадгүй энэ тал дээр чиглүүлэх зөвлөгөө, сургалт, мэдээлэл авах ч хэрэгцээ байна гэж харагддаг.
Ирээдүйн зөв хүмүүжил, төлөвшилтэй иргэнийг өсгөн хүмүүжүүлэхэд эмэгтэй хүн, эх хүний үүрэг роль хамгийн чухал. Биеэсээ өөр нэгэн биеийг бүтээж, ухаанаасаа өөр нэгэн ухааныг ургуулна гэдэг нь эмэгтэй хүний амьдарлын нэгэн гайхамшиг.
Монгол уламжлалд эрүүл чийрэг хүүхэдтэй болохын тулд эх нь аливаа зүйлд хянамгай байж муу санаа, буруу явдлыг тэвчин, уужим тайвуу ярьж, удаан аажуу хөдлөхийг эртнээс сургаж, захиж ирсэн.
Мөн жирэмсэн эхийн 100 гаруй хорио цээр байдаг бөгөөд үүнийг “хэвлий дотроос хүмүүжүүлэхүй” хэмээн нэрлэдэг байна. Жишээлбэл, “тэмээ, туулайн мах идвэл сэтэрхий уруултай хүүхэд гарна” хэмээн цээрлэх нь магадгүй одоо цаг үед жирэмсэн хүний эмзэг нандин байх горим алдагдаж, ураг ихээр гэмтэж буйг сануулах мэт.
Түүнээс гадна айл хэсэх, найр наадамд очихыг хатуу цээрлэж, эргэн тойрныхон нь жирэмсэн эхийг айлгаж цочоох, уурлуулах, хуурахыг хориглодог байсан ажээ. Одоо гэтэл зарим жирэмсэн эхчүүдийн хувьд архи, тамхи хэрэглэх хорт зуршлаасаа салж чадахгүй, мөн эрчүүд нь тулгар эхнэртээ гар хүрэх хүртэл үйлдэл гарч байгаа нь сэтгэл эмзэглүүлэм.
Монгол хүүхдийн хүмүүжилд бүүвэйн дуу, ангир уураг хоёр хамгаас чухал. Өнөөдөр зарим эх өөрийн гоо сайхнаа үрээсээ илүүд үзэн хөхөө хөхүүлэхээ болисон байна. Бид эхийн сүүг юугаар ч орлуулашгүй амин дэм гэж мэддэг ч насан туршид тогтох оюуны дархлаа болдог гэдгийг төдийлөн ухаардаггүй.
Мөн бүүвэйн дууг аялдаг ээжүүд ховор байна. Харин хүүхдээ хөхүүлэнгээ гар утсаараа оролдох эхчүүд олон болжээ. Хүүхдээ хөхүүлж байх үедээ хүнтэй юм ярих, өөр зүйл давхар хийх, телевиз болон ном сэтгүүл үзэх, утсаар ярих нь сүүний гарц болон эхээс үрдээ харцаараа мэдрүүлэх хайрыг багасгадаг хэмээн эрдэмтэд судалсан байна.
Иймээс эхийн хэвлийд хүн бүрэлдсэн цагаас эхлэн, эхийн сэтгэл зүй тогтвортой, орчин тойрон, гэр орон амар амгалан, цэмцгэр дулаахан байж, эцэг эхчүүдийн харилцаа хандлага хүндэтгэлтэй байх нь хүүхдийн хүмүүжлийн үндэс юм. Энэ орчинг ямар өнгөтэй байлгах нь ээжүүд, бүсгүйчүүд та биднээс л шалтгаална.
Эрхэм та бүхэн хүнээр хүн хийх ухааны талаар мэргэн оюундаа тунгаан сэтгэгдэлээ цааш үргэлжлүүлэн хуваалцана буй за.
Та, бид бүгд Соёл түгээгчид билээ.