“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” Т.ЭНХМАА

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Өглөөний мэнд хүргэе ⏰07 : 00 AM

✍️ Сайн байна уу? Өвөрхангай аймгийнхаа бүсгүйчүүдэд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
✍️ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дах салбар зөвлөлөөс зохион явуулж буй “Соёлыг түгээе” төслийн 10-р сарын “ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ”аяны хүрээнд эрхэм уншигч та бүхэнтэйгээ өөрийн бодол санааг хуваалцах болсондоо баяртай байна. Энэ удаа гэр бүлийн санхүүгийн боловсролд эх хүний, эмэгтэйчүүд бидний үүрэг хариуцлага ямар байх талаас мэдээлэл хүргэж байна.
✍️ Орчин үед өрхийн санхүүгийн боловсролын асуудлын талаар ээжүүд эмэгтэйчүүд бид судалж сайн жишээг хэрэгжүүлж, хэвшүүлж үзэх хэрэгтэй болжээ. Ер нь монгол гэрийн тулах хоёр багана нь аав ээж нь гэж үзэхэд хана туурга, унь тоон нь үр хүүхдүүд минь юм. Ингэж бодохоор аль ч талаараа багана бат бэх байх ёстой. Айл гэрийн зарлага орлогоосоо давсан үед санхүүгийн эрдсэлд хүрдэг. Тиймээс өрх гэрийн мөнгө санхүү бол гэр бүлийн бүх хүмүүст хамаатай. Санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд аав ээжүүд маань санхүүгийн зохистой хэрэглээг үр хүүхдүүддээ үлгэрлэж өрхийнхөө мөнгө санхүүг хэмнэж амьдрахад сургах нь чухал санагддаг.
✍️ 1924 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 31-нийг “Дэлхийн хуримтлалын өдөр” болгосон байдаг юм байна. Монгол улс 2012 оноос тэмдэглэн, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хуримтлалын ач тусыг таниулах ажлуудыг хийж иржээ. Монголын нийт өрхийн 28 хувь нь л хуримтлалтай гэсэн судалгаа бас байдаг юм байна. МУИС-ийн профессор Л.Оюун багшийн нэгэн ярилцлагыг уншиж байхад “Хэрэглээндээ нөлөөлөхгүйгээр орлогынхоо 5-10 хувийг хадгаламждаа тогтмол хийгээд байх ёстой” гэсэн байна. Ийм учраас айлын эзэгтэй, эмэгтэйчүүд, ээжүүд бид л одоо санхүүгийн боловсролоо дээшлүүлж үр хүүхдүүддээ багаас нь зөв хэрэглээнд үлгэрлэх хэрэгтэй байна.
✍️ Манай гэр бүлийн хувьд санхүүгийн асуудал, төлөвлөлтөө хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцдаг. Хүүхдүүддээ мөнгийг зөв зүйлд зарцуулан арвилан хэмнэх мөн хуримтлуулах гэсэн хоёр зүйл дээр их анхаарч, хичээж явахыг зөвлөж, сургах гэж оролдож явна. Хуримтлалтай болохын амтыг мэдрүүлэх зорилгоор мөнгөний авдар бий болгож, мөн хүүхдийн хадгаламж үүсгэн орлогын мэдээллийг өөрт нь үзүүлж хэрхэн нэмэгдэж буйг нь харуулж, мөн яаж нэмэх боломжтойг тайлбарлаж өгч байна. Хүүхдүүдийнхээ ойрын зорилгыг мөнгөний авдарт нь, холын зорилгыг банкны хадгаламжид хадгалуулж, хуримтлалтай байх сонирхлыг нь нэмэгдүүлж санхүүгийн төлөвлөлтийг бага багаар хийж эхлүүлэх зорилго тавьж байна даа.
✍️ Хуримтлалтай болох нь зорилготой болохын эхлэл гэж боддог. Хүүхдүүдийхээ хүсэл, сонирхлыг дагуулж, хуримтлал үүсгэх, хэмнэлттэй амьдрахад сургах нь хамгийн чухал. Ээжүүд бид хүүхдүүдийнхээ насны онцлогт нь тохируулж мөнгөний зохистой хэрэглээ бий болгох хэрэгтэй. Сургуулийн насны хүүхдийг банкны карттай болгох нь зарлагаа хянах, өөртөө байгаа мөнгөндөө 7 хоногийн хэрэглээгээ хувиарлах, төлөвлөлт хийх, мөн эцэг эх хяналт тавих гээд олон давуу талтай байдаг.
✍️ Мөн гэр бүлийн санхүүгийн боловсролын чухал хэсэг нь хөдөлмөрөөр бий болсон орлогын үнэ цэнийг мэдрүүлэх юм. Түүнийгээ зөв цагт, зөв зүйлд зарцуулдаг болгох нь их чухал. Үнэ цэнийг мэдрүүлж байна гээд хэрэгцээг нь хязгаарлах биш өөртөө байгаагаа хянаж зохистой зарцуулалт хийх тал дээр анхаарах хэрэгтэй. Ингээд та бүхэн минь саналаа солилцоорой.
✍️ Санхүүгийн боловсролтой иргэн эх орны минь бас нэгэн үнэт зүйл юм аа.