“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” Л.ЦЭВЭГМИД

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Өглөөний мэнд хүргэе ⏰07 : 00 AM

✍️ Нутгийн сайхан ухааант бүсгүйчүүд, дүү нарынхаа санаачлан явуулж буй “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” төслийн багийнхны мэдээллүүдийг шимтэн уншиж биширч суудаг байлаа. Харин энэ удаа “ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” хэмээх эмэгтэйчүүдийн манлайлал, үлгэрлэл, тэмүүлэлд оч нэмсэн онч сайхан аянд нь дөрөөн мялаалга үг нэмэн санаа бодлоо бичих болсондоо талархаж байна.
✍️ Ухааны мэлмий нээх урмын хишиг даллах мэдлэгийн богцонд нь дусал нэмье. Монгол ээж хүн, эмэгтэй хүн ямар байх ёстой талаар багахан санал илгээе.
✍️ Нарт хорвоод ээж хүн шиг тэнгэрлэг, ач буянтан хаана ч үгүй юм даа. Тийм сайхан бурханлаг, буянтай үйлстнээс тэнгэрийн хишиг, хүмүн биеийг олж төрсөн, үр удам, хүн заяа гэдэг ямар их азтай тохиол билээ.
✍️ Эх хүн, эхнэр хүн гэдэг айл гэрийн арга билгийн шүтэлцээ, ашдын ерөөлөөр учирсан сайн ханийн түшиг, аврал ивээлийн цагаан энэрэл, алдрай үрсийн ачтан, учир тэгшлэх ухааны урлан, хүнээр хүн хийдэг дээдийн номыг биедээ оршоосон бурхан юм.
Тиймээ ингэж яруу тансаг, үлэмж төгс бүхнээр эмэгтэйчүүд, ээжүүдийг магтан дуулсаар ирсэн. Эх хүний аврал эрдэм, үр хүүхдийнхээ төлөө хичнээн олон дүрд хувирдаг тухай яруу найрагч Ц.Хулагийн шүлгэнд уран сайхан бичсэн байдаг даа.
✍️ Монголчууд бие төрмөл, ухаан таримал гэдэг. Эрүүл саруул биеийг төрүүлхийн тулд, эх хүний баримтлах эрхэм ёс арвин их. Орчин цагийн амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр сайн мууг ялгах, зөв сонголт хийх үйлд сурах хэрэгтэй. Эрхэм сайн эрдэм шамдсан, зөв төлөвшилтэй, зөөлөн эвлэг хүний араншинг бүрдүүлэхэд ихэд анзаарагтай хандахгүй бол “ЭЛДЭВ” нь ихэдсэн орчин цаг ээжүүд эмэгтэйчүүдийн ухааны царааг шалгаж байна гэж хардаг.
✍️ Монголчууд бид усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэж ярьдаг тул эх ундрага нь болж буй эхчүүд эмэгтэйчүүдийн ухаан сийрэг, явдал зөв, бодол ариун, өглөгийн буянтай, өрөвдөх сэтгэлтэй, ерөөлийн үгтэй, намба тэгш байх учиртай.
✍️ Амьдрал сорилтоор дүүрэн тул цөхрөлийг сөрж, өрсөж өндийж, гунигийг нууж, баярыг дарж, хатуужсан хаттай байх хэрэгтэй. Иймийн тул гэр бүл, хамт олон, нийгмийн бүхий л салбарт, эмэгтэйчүүдийн манлайлал, идэвхтэй оролцоо, нарийн чимхлүүр ухаан, арга зүй, чадвар зарсан шийдвэр сайтай билүү чулуу шиг ХАТАН УХААН хэрэгтэй байдаг.
✍️ Ингээд эрхэм ээжүүд минь намсрай бурхан адил баян, найдан жүд адил өнөр, манал бурхан лугаа эрүүл, мандшир адил оюунлаг байг ээ.

✍️ Эмэгтэйчүүд минь бүсгүйчүүд минь эрхэмсэг дээд оршихтун.