Монгол орны минь голомт нутаг болсон Өврийн сайхан хангай нутгийнхандаа намрын нэгэн өглөөний мэндийг айлтгаж, энх мэндийн ерөөл өргөе.
Хорвоо дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн сэтгэл нийлэн байж, өрх гэрээ өөд татаж, үр удмаа үлдээж, үр хүүхдээ өсгөн бойжуулж нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, хамт олны дунд өөрийн гэх байр суурьтай, баяр жаргалтай явж, өөрийнхөө, гэр бүлийнхээ, орон нутгийнхаа, эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэл гарган хүч хөдөлмөрөө зориулж байдаг. Харин энэ их үйлийг өдөөж, дэвжээж, чимж байдаг нь эхчүүд, гэргий нар гэдэгтэй санал нийлэх биз ээ. Эх түүхээ сөхөөд харсан ч эхчүүд, эмэгтэйчүүд, охидын эрхийг хүндэтгэн үзэхийг өв уламжлалдаа хадгалж, түүхэн хийгээд баатарлаг гавьяаг тодотгосоор ирсэн.
Орон нутагтаа байгаа эмэгтэй даргатай байгууллагын үүдээр ороод хараарай. Эмэгтэй даргатай байгууллага цэвэр цэмцгэр, үүдэндээ хөлийн гишгүүртэй, ханадаа зурагтай самбартай, цонхон дээрээ цэцэгтэй, хашаа хороо нь цэмбийж байдаг. Гаднаас нь хараад л андашгүй. Хүний бодол санаа хэр “цэмцгэр” байгаа нь үйл ажиллагаанд “цэгц” ээ олж гаднах төлөв болж байдаг. Эх хүн, гэргий хүн, эзэгтэй хүн ажиллангаа төлөвлөж, төлөвлөнгөө цэгцэлж дараах алхмуудыг харж чаддаг нь эмэгтэй хүний зэрэг олон үйлдэл хийх чадвартай, үйлдлийн дарааллыг харж чаддаг, ирээдүйд болох үр дагаврыг тооцож чаддаг эмэгтэй хүний зөн чанартай холбоотой гэдгийг шинжлэх ухааны судалгаа баталсаар байгаа.
Хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнууд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа давуу талыг анзаарч, ХХ зууны сүүл үеэс улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог 50:50 байлгах нь хөгжлийн хүчин зүйл юм байна гэж үзэн эмэгтэй манлайлагчдыг улам ихээр дэмжин гаргах боллоо. Улс орны тэргүүн, бүс нутгийн, аймаг хошууны, байгууллагын дарга нарыг хүйсийн тэгш оролцоог хангахад зориудаар, бодлогоор анхаарч байна. Үндсэн хуулиараа эрэгтэй эмэгтэй хүн бүр тэгш эрхтэй, сонгогдох, сонгох эрхийг хуульчилж өгсөн Азийн анхны улс. Улс төр бол зөвхөн эрэгтэйчүүдийн тоглоом гэж боддог бодол өнгөрсөн зууны хоцрогдсон бурангуй үзэл болоод удаж байна. Эмэгтэйчүүдийн оролцоог дарж боддог эрэгтэйчүүд бол цаг үеэсээ даруй хагас зуун жилээр хоцорч өөрийгөө боловсруулдаггүй, юм уншдаггүй, бодит зүй тогтлыг харах мэлмийгүй, хүсэлгүй, өөртөө итгэлгүй хүн юм байна гэж “уншигддаг” болжээ.
Өдгөө цагт хэн нь хэн бэ гэдгийг сонгохдоо хувийн нэр төр, туршлага, хандлагыг нь харахыг би чухал гэж боддог. Хүн бүр багаасаа л олны дунд орж явахдаа өөрийгөө бүтээж байдаг. Ээмэг зүүлт, өмссөн хувцас, барьсан цүнх тэргүүтнийг биш өөртөө хэрхэн шаардлага тавьж, өсч өндийсөн эсэх, бусад хүмүүст яаж ханддаг, үйл ажиллагаандаа эзэн болж чаддаг эсэх, ямар сэдэлтэй, өнгөрсөндөө ямар дүгнэлт өгч ирээдүйгээ хэрхэн төсөөлдгийг нь анзаарах нь чухал. Ямар ч зорилгогүй хүн хөвж явдаг, нөлөөнд амархан өртдөг, гуйвж дайвдаг, урваж шарвадаг. Зарим хүмүүсийн туйлын зорилго богинохон байдаг, юуг ч худалдахаас сийхгүй, үнэ цэнэгүй гэсэн үг.
Гуйгаад зээлээд, үзүүлээд буцаагаад өгье гэсэн ч боломжгүй нэг эрдэнэ бол ТУРШЛАГА. Туршлага хуримтлуулах гэж зорьсон, хөөрсөн, догдолсон, уйлсан инээсэн, боссон унасан байж таараа. Энэ их үнээр туршлага бүтдэг. Туршлагатай эмэгтэйчүүд бол үнэ цэнэ, хөгжил, хүлээц, ухааны цараа, бусдыг хүндэтгэх чадвар, өөрийгөө илэрхийлсэн зориг бүхэн бий. Өөрөө зөв замналаар явж, төр түмний төлөө хат суусан эмэгтэйчүүд бол өөрийнхөө араас өндийж буй эмэгтэйчүүдээ дэмждэг, зөвлөдөг, өнгөлдөг, сургадаг, дагуулдаг, өсгөдөг. Миний нутагт ийм сайхан бүсгүйчүүд олон бий, бахархал юм даа.
Өврийн сайхан хангайн хүн зон нь эрүүл, жаргалтай, боловсролтой байж хөгжин дэвжиж буйг харахад үе үеийн эгч нарын маань сэтгэл үнэртдэг ээ
ХӨГЖИЛД ХҮН БҮРИЙН СЭТГЭЛ ОРОЛЦОО ЧУХАЛ хэмээн энэ удаагийн яриагаа өндөрлөе. Та бүхэн минь тавтай сайхан намаржиж, энх тунх жаргаарай.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга, доктор Цэнд-Аюушийн Нацагдолгор