🙋 Өглөөний мэнд хүргэе
07 : 00 AM
Сайн байцгаана уу? Эрхэмсэг оршихуйн заяанд төрсөн, эрхэм эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ гэгээн өглөөний мэндийг өргөн дэвшүүлье.
“Соёлыг түгээе 1” төслийн “ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” мэдлэг түгээх, хуваалцах багийн гишүүн болж, нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайллын талаар бага боловч санаа бодол солилцох хүндтэй үүрэг хүлээсэндээ баяртай байна.
Нийгмийн тэргүүлэх салбар бол яахын аргагүй боловсрол эрүүл мэндийн салбар. Энэ салбар эрүүл хүчтэй, зөв бодлого хөтөлбөртэй, нийгэмдээ, ард иргэддээ тэгш хүртээмжтэй хүрч гэмээнэ, улс орны хөгжил төдий чинээ өнгөтэй, өсөлттэй, нарийн зохион байгуулалттай нягт харагддаг. Хүн ардын ахуй амьдрал жигд, ёс зүй, сахилга бат сайтай, хэм хэмжээ, эрэмбэ дараатай, эв зүйтэй нийгэм бүрэлдэн тогтдог.
Unuudur.mn цахим хуудсанд тавигдсан нийтлэлд сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй багш нарын 95, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 80 гаруй хувь нь, МОНЦАМЭ агентлагийн цахим ауудсанд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт 52 мянга гаруй их эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа байгаа тухай тус тус дурдсан байна. Үүнийг харахад эмэгтэйчүүд маань нийгэмд манлайлж байгаа мэт харагдавч мөн улс төр судлаач Б.Золзаяагийн нэгэн нийтлэлд бүх салбарт гүйцэтгэх эсвэл дундаас доод түвшинд эмэгтэйчүүд их, харин дундаас дээш шийдвэр гаргах түвшин буюу манлайллын түвшинд эмэгтэйчүүд бага байна. Мэдээж салбар, салбарын онцлогоос хамаарна. Тухайлбал боловсрол, эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо их гэжээ.
Иймээс хүн амын тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд аливаа бодлого шийдвэр гаргахад эн тэнцүү оролцох нь зүй ёсных байх ёстой. Ингэснээр бодлого, шийдвэр нь нийгэмд хүртээмжтэй болно. Жендэр гэдэг нь эмэгтэйчүүдэд л эрх мэдэл эдлүүлэх тухай ойлголт биш. Энэ бол нийгмийн давхарга бүрт ашигтай, хүртээмжтэй шийдвэр гаргуулах тухай ойлголт гэж боддог.
Эрдэм төгс эмэгтэй хүнийг, эрхэт дээд эр хүнээс дорд үзэж үл болно гэсэн эртний сургаал байдаг. Үүнээс харахад эмэгтэй хүнийг, шийдвэр гаргагч эрэгтэй хүний үгийг дагагч гэсэн үзэл эртнээс явж байж гэвэл үгүй юм. Харин ч эрдэм төгс эм хүнийг дэмж гэсэн санаа байна. Байгалийн өгөгдлөөрөө л эмэгтэй хүн биеийн хүчээр эрчүүдээс дутмаг байхаас, оюун ухаан, мэдлэг чадвараараа бол тэргүүлж чадна. Гэхдээ орчин үед эмэгтэйчүүдийн бодит дуу хоолой хатан ухаан нийгэмд дутсаар байгааг нуух юун. Монгол улсад бүрэн дунд, дээд боловсрол эзэмшиж байгаа хүмүүс дунд, хүйсийн хувьд эмэгтэйчүүд давамгайлдаг. Харин удирдах шатны, шийдвэр гаргах албандаа эрэгтэйчүүдийн байр суурь их байна.
Гэхдээ эмэгтэй хүний ганц ажил карьер биш халуун бүлдээ гэргий хүний үүргээ сахих, сайн ээж байж үр хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх гээд маш их ажил байдаг. Амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалж явах тал дээр эмэгтэйчүүдийг илүү гэж боддог.
Та бүхэн ч гэсэн нийгмийн салбарт эмгэтэйчүүдийн манлайлал, үүрэг оролцоо ямар байх талаар өөрийн санал бодлыг өргөн дэлгэр цааш үргэлжлүүлэн хуваалцаарай.
ТА Ч БАС “СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ” ЮМ ШҮҮ.