“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” С.САНЧИР

Хуваалцах
Жиргэх

🙋‍Та бүхэндээ хойд сарыг мэддэг 27-ны өдрийн мэнд хүргэе, өнөөдөр тэнгэр хангай тогтуун, хүн ард нь амгалан, сайхан байхын ерөөл өргөе.

✍️Энэ 7 хоногийн эхний өдрүүдэд хүнээр хүн хийх ухаан, хүнлэг ёсоор хүнд үйлчлэх эрдмийг дадуулсан эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролын салбарын манлайллын тухай ярилцав. Уламжлалт хандлага мэт боловч маш сайн чадамж, тэвчээр, хариуцлага, сэтгэл заан энэ салбарыг эмэгтэйчүүд өнгөлж явна. Сүүлийн жилүүдэд бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо ихэсч, өмнөх 20 жилтэй харьцуулахад даруй 68 хувиар өсөөд байгаа судалгааны дүн байна. Шинэ дэвшилтэт технологи, джитал ертөнц, мэдээллийн урсгалын тэсрэлтүүдийг эмэгтэйчүүд сурамгай ашиглан, хүч сорьсоор байна. Гэвч тооны олонг эзлэн, ачааны хүндийг үүрч яваа эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн манлайлал хэр байгааг харах өнцөг өөр биз ээ.

♦️Өнөөдөр Өвөрхангай аймгийн шийдвэр гаргах, төлөөллийн байгууллага болох ИТХ-ын төлөөлөгчдийн 33 хувь нь, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн 32 хувийг эмэгтэйчүүд байх. Эдгээр хурлуудад эмэгтэй төлөөлөгчдийн эзлэх тоо 2012-2016 оны сонгуулийн үр дүнтэй харьцуулахад буурсан үр дүнтэй. Харин аймгийн хамжээний байгууллагуудыг удирдан буй албан тушаалтнуудын 26 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүдийн манлайллыг хамгийн сайн дэмждэг том удирдлагатай аймгийн хувьд ч гэсэн чамлалттай л үзүүлэлт.

♦️Эмэгтэйчүүдийн бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд ажиллахын давуу талуудыг судлаачид дараах хэдэн чиглэлээр тодорхойлсон байх юм. Тухайлбал:
1)#Жижиг_асуудлыг_олж_илрүүлэх_мэдрэмж_өндөр. Хүн амын анхдагч орчин болсон гэр бүлийн асуудал, нэн ядангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг соргогоор харах сэтгэлгээний цартай. Хүүхэдгүй залуу, ахмадгүй өрх, тусгай хэрэгцээт хүүхэдгүй айлын харчуулын олонх нь тийм асуудал байдгийг олж харахдаа маруухан гэнэ.
2)#Бусдын_төлөө_зүтгэл_өндөр. Эх хүний мөн чанар болсон үр хүүхэд, гэр бүлийн төлөөх төрөлх үйл нь хүний өөрийн гэж ялгалгүй хүүхдийн, нийгмийн бусад бүлгүүдийн төлөө дуу хоолой болж чаддаг байх нь.
3)#Аливаа_асуудлыг_эрэмбэлэх_чадвар_өндөр. Эмэгтэйчүүд хүүхдээ асарна, гэр орноо додомдоно, хань ижлээ тойглоно, найздаа туслах, аав ээжийгээ асарна, алба ажлаа хаших гээд чамгүй олон ажлыг түүртэлгүйхэн хийдэг дээ. Тэд хөдөлмөр зохион байгуулалт, эрх ашгийн эрэмбийг сайтар мэддэг төрөлх араншинтай гэнэ
4)#Шийдвэр_гаргахдаа_нухацтай. Тэд оуюн санаагаа зөв зүйл үрүү чиглүүлж, гадаад дотоод, генетик, түүх, газар зүйн хийгээд мөн чанарын нөлөөллүүдийг урьдчилан харж хий багатай шийдвэр гаргадаг гэнэ. За тэгээд цааш үргэлжлэл байна лээ.

♦️Эмэгтэй хүний зовлон жаргал, тулгамдаж буй нийтлэг бэрхшээлийг эмэгтэй хүн л ойлгож, шийдэх арга замыг гаргах нь зүй хэрэг. Өнөөдөр нийгмийг цочроогоод байгаа хүүхдийн нийгмийн хамгааллын асуудал, хүчирхийлэл дарамт, эмэгтэйчүүдийн гэр бүл, хүүхдийнхээ төлөө бага зовнин өрхийн амьжиргаагаа нэмэгдүүлэх, албаа залгуулах таатай, ээлтэй орчны асуудал, хүний хөгжлийн цогц асуудлуудыг эмэгтэй хүний хатан ухаан, торгон мэдрэмжээр олох, илрүүлэх, шийдвэрлэх нь дамжиггүй. Хүн бүр өөрийнхөө, хамаатныхаа, гудамж, хорооныхоо асуудлыг шийдвэрлэх гээд бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжгүй шүү дээ. Иймийн тухайд бодлого тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний манлайллыг улам хөгжүүлэхийг чухалчлах бүр дадуулах нь нийгмийн амин хэрэгцээ болоод байна.

🎀Манай цахим хуудасны гишүүд санаа оноогоо уралдуулаарай, баярлалаа. #Та_бид_хамтдаа_соёл_түгээгчид