🙋 Өглөөний мэнд хүргэе
07 : 00 AM
ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД ДЭМЖИЖ, МАНЛАЙЛАГЧ ТӨРҮҮЛДЭГ
Манлайлал гэдэг нь бусдад, нийгэмд, бие хүнд нөлөөлөх, удирдан манлайлах чадвар юм. Манлайлах чадвар эрэгтэйчүүдэд илүү байдаг гэдэг ойлголт нийгмийн сэтгэл зүйд ноёлдог нь амжилтаараа олонд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй удирдагчийг “муухан эрээс дээр эмэгтэй” гэж зүйрлэдгээс харагддаг.
Эмэгтэй хүн амжилт гаргахад эр, эмгүй атаархах, гадуурхах, басах гэх мэтээр ханддаг. Эрэгтэй хүйсийг хүчтэй, эмэгтэй хүнийг “эрчүүдийн нөмөр нөөлөгт сайхан амьдрах хувь тавилантай” сул дорой хүйс гэж үздэг үзэл одоо ч байсаар байна. Амжилттай яваа нэгийгээ хойш нь чангааж, тамын тогооны үлгэр шиг байвал эмэгтэйчүүд хэзээ ч улс орны бодлого ярьж, удирдлагын түвшинд хүрч чадахгүй. Тухайлбал, улс төрийн сонгуулийг хар л даа, эрэгтэй нэр дэвшигчтэй тойрогт эмэгтэй нэр дэвшигч дэвшихэд ихэвчилэн эрэгтэй нь сонгогдох жишээний, иймээс эмэгтэйчүүдээ гаргахын тулд эмэгтэйчүүд нэг тойрог дээр өрсөлдөх хэмжээнд бид эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг ярьдаг болоход хүрч байна, гэтэл сонгогчдын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг билээ. Эмэгтэйчүүд өөрсдөө нэг нэгнээ хүлээн зөвшөөрч дэмждэг, нэгдмэл зохион байгуулалттай байж л олон нийтийн хандлагыг өөрчилж чадна шүү дээ.
Орчин үед охидын боловсролд анхаарч байгаа ч шийдвэр гаргагч, удирдагч болоход багаас нь дэмжиж чадахгүй байна. Охин хүүхдийг боловсролтой, мэргэжилтэй, ажилтай болгож байгаа нь хожим нөхөр, хадмын таалалд нийцүүлэх зорилготой байгаа нь, дөнгөж их сургууль төгссөн охиноо “Нас чинь явлаа, хүнтэй суу, хүүхэд гарга” гэж шахаж эхэлдэгээр батлагдана. Бүсгүй хүн хүнтэй сууж, үр хүүхэдтэй болох нь хорвоогийн жам ч гэлээ, өөрийнхөө ирээдүйн төлөө мэдлэг боловсрол эзэмшиж, карьер хөөж, амжилтанд хүрэхийг гэр бүл, нийгмээрээ дэмжих хэрэгтэй. Эмэгтэй хүнд өндөр карьер, гэр бүл хоёрыг зэрэг авч явах чадвар эрэгтэйчүүдтэй нэгэн адил байдаг. Хамгийн гол нь зорилгыг нь дэмжих орчин хэрэгтэй. Эмэгтэйчүүд хэтийн зорилгоо олж харж, түүндээ хүрэх арга ухаанаа олж авахад гэр бүл, хань нөхөр,найз нөхөд, ажлын хамт олон, тэр дундаа эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж, бахархаж, урам өгч чадвал, эмэгтэйчүүд өсч хөгжиж, шийдвэр гаргах түвшинд манлайлах цаг ойрхон байна. Манлайлал бол төрөлхийн чадвар бус, хүн амьдралынхаа туршид хөдөлмөр, хүч зориг, бусдын урам дэмжлэгтэйгээр олж авдаг чадвар юм. Эхний 2 нь хүн бүрт бий, харин бусдын дэмжлэг гэдэг бол бусдаас шалтгаалдаг хүчин зүйл юм.