🙋 Өглөөний мэнд хүргэе
07 : 00 AM
ӨӨРӨӨРӨӨ БАЙХЫН ИД ШИД, ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ УХААН
Хүн бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой. Төрсөн газар нутаг, өссөн орчин нөхцөл, эцэг эх, зан араншин,бие галбир, боловсрол мэдлэг, дотоод сэтгэл зүрх бүгд давтагдашгүй өөр байдаг.
Эмэгтэйчүүд бид өөрийнхөө чин хүсэл эрмэлзлэл, аав ээжийнхээ сургаал, зөвлөгөөг үл ойшоож бусдад таалагдах, бусдын хүссэнээр амьдрах, бусдын хэл амнаас айж, бусдад гоё сайхан харагдах гэж хичээж зүдрэх нь олонтой байдаг. Өөрийн амьдралын боломж, тав тух бодит байдлаа нууж дэмий зүйлд санаа зовж, ажил хамт олондоо мөнгөлөг өнгөлөг харагдах, үнэтэй машин эд хөрөнгөөр баярхах гэж уралдан өр зээл тавих нь элбэг тохиолдох болжээ. Аль болох сэтгэлийн амар амгалан байж, үр хүүхэд хань ижилдээ үлгэр дууриалалтай манлайлагч байхын тулд өөртөө манлайлагч өөрийгөө удирдагч байхаас эхэлнэ гэж би боддог.
Өөртөө дурла, өөрийгөө хөгжүүл, өөрийгөө хүндэл. Өөрийгөө хайрлаж байж бусдыг буюу эр нөхөр, үр хүүхдээ хайрлаж чадна. Эмэгтэйчүүд өөрийгөө гаргуунд нь хаяад гэр бүлийнхээ төлөө үр хүүхэд ач гучийнхаа төлөө гээд ачаатай тэмээ шиг зүтгээд байдаг. Гэтэл нэг мэдсэн хэтэрхий оройтсон, өвдсөн, өвчин хүндэрсэн ч тохиолдол байх жишээ их байна. Тиймээс өөртөө цаг зав гаргаж өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцаж, дуртай сонирхолтой спортоор хичээллэж, найз бүсгүйчүүдтэйгээ уулзаж, дэлгүүр хэсэж, дуртай бүх л зүйлээ хийх боломжийг бүрдүүлэх, өөрт таарсан бизнес эрхлэн дур зоргоороо амьдрах хэрэгтэй байна.
Өөртөө талархал илэрхийл, өөрийгөө баярлуул. Гэртээ ганцаараа үлдэж сайхан зүйлсийн тухай бодох, өөрөө өөртэйгээ ярих, өөрийгөө магтах, үзэсгэлэнтэй царайгаа харж өхөөрдөх, өөрийгөө урамшуулж би үзэсгэлэнтэй, би чадалтай, би чадна гэж үргэлж өөртөө урам зориг өгч байгаарай. Өөртөө өглөө бүр чин сэтгэлээсээ талархаж байх хэрэгтэй. Толинд харж энэ дасгалыг хийснээрээ гайхамшгийг та удахгүй мэдрэх болно. Өөрийгөө амраа, унтуул, өөрийнхөө дуртай зүйлийг идэж уу, гадуур гарч тав тухтай орчинд сайхан зүйлийг тунгаан бодож суугаарай. Өөрийгөө усал, өөрийнхөө гэрлийг асаа бүсгүйчүүд минь ээ.
Өөртөө итгэлтэй хүмүүсээс суралц. Бидэнд хүрээлэл маш их чухал. Бид ямар хүмүүстэй найзлан нөхөрлөж байна яг тэдэн шигээ болдог. Тодруулбал бид амжилттай хүмүүсээр хүрээлүүлж хамарч байдаг бол бид амжилттай бүсгүй болсон байгаа, амжилтгүй сөрөг зүйл ярьдаг шүүмжилдэг хүмүүсээр хүрээлүүлэн найзалж нөхөрлөж байгаа бол бид бас яг тийм сөрөг юм ярьдаг шүүмжилдэг нэгэн болсон байна. Тиймээс өөртөө итгэлтэй сайхан зүйл бодож бүтээж явдаг амжилттай хүмүүсээс суралцах зүйл их байдаг. Тиймээс сайхан хүмүүсээр хүрээлүүлээрэй.
Ямар ч тохиолдолд өөрийнхөөрөө бай. Бид найз нөхөд хамт олондоо байгаагаасаа өөр харагдах гэж хичээж байдаг. Бусдын дор орохгүй гэж бодно. Гэтэл бусдын дор орчихвол яг яах вэ? Хэн нэгэн шалгаад байна уу шийтгэх гээд байна уу? Тийм зүйл байхгүй. Ганцхан бид нүүрэндээ маск зүүсэн эго-той байна гэсэн үг. Том болох гээд хэрэггүй жижиг байх тусмаа биенд тухтай сэтгэл амар байдаг. Хүний хэлсэн болгонд бүү эмзэглэ. Тэр хүн чиний амьдралыг мэдэхгүй санаандгүй хэлж байна гэж бодоод огт тоолгүй өнгөөрж сур. Дэмий зүйлд үргэлж санаа зовох түгших тэр тэгж бодож байгаа болов уу гэх мэтээр хийсвэрлэн төсөөлж бодоод хямарч зовоод байх нь эмэгтэйчүүд биднийг өвчлүүлж байгааг анхаарна уу?
Айдсаа даван туул. Эмэгтэйчүүд бид маш их айдастай амьдраад байна. Таны айдас юу вэ? Цаас гаргаад бичээрэй. Шууд айдастайгаа нүүр тул. Айгаад байх юу ч байхгүй шууд шийдвэрлээд яваарай. Маш жижиг жижиг алхмаар зогсолтгүй хийгээд оролдоод байгаарай. Үр дүн нь маш хялбархан чамд мэдэгдэнэ. Тууштай бай, нэг мөсөн сайн хийнэ гэж бүү бод, бага багаар оролдоод байгаарай. Бэрхшээл бол чамд ирж буй дохио. Чамайг хүчтэй чадалтай болгох гэж ирсэн бэлэг билээ. Бэрхшээлээ даван туулбал маш их туршлага чадвартай болсон байх болно.