“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” О.ЭРДЭНЧУЛУУН

Хуваалцах
Жиргэх

✍️ Бидний амьдралд таарсан, уулзаж учирсан бүхэн урьдын хувь ерөөл, үйлийн үрээр учирсан байдаг. Өөрийгөө гэсэн аминч үзэл, атаархал, бардам зан, алдар нэр, олз ашгийн төлөө зэрэг сэтгэлийн сөрөг зүйлүүд үүсгэснээс болж өөрийгөө зовлонд унагах, бусадтай эв эеийг бусниулах үйлийг хийдэг.

✍️ Эв эеийг эвдэгч нэг муу сэтгэл бол уур юм. Үл ойлголцлоос болж уур төрнө, уурыг дарахгүй явах аваас өшөө хонзон болно. Өшөө хонзон өвөрлөж явах нь хүний сэтгэлийг хар муу болгож бусдыг хорлох сэтгэлийг төрүүлж өөрийгөө зовоох, өрөөл бусдыг зовоох шалтгаан болж зовлонг төрүүлж байдаг. Энэ түр зуурын уур, үл ойлголцол, таагүй байдлыг тэсээд өнгөрөхөд ирээдүйд болох муу болгоныг хорьж чадах юм.

✍️ ” Залруулж болох тохиол аваас уурлаж ундууцаад хэрэг юун.
” Залруулж болохгүй тавилан бол уурлаж ундууцаад хэрэг юун гэсэн Шантидэва гэгээний “Бодисадвын явдалд орохуй” гэдэг номонд айлдсан байдаг.

✍️ “Би болоод минийх” хэмээх шунах сэтгэлийн эрхээр “би болоод минийх” гэсэн миниймхийлэх барих сэтгэл үүсдэг. Улмаар “би болоод минийх” гэсэн бодолд хүсэх, эс хүсэх сэтгэлийн атгаг төрдөг. Цаашлаад үл хүсэх зүйлтэйгээ учрах, эсвэл хүссэн зүйлд нь тотгор учрах зэргээс сэтгэлийн амгалангүй, тавгүй байдал бий болдог.

✍️ Түүнээс болж уурлах, хилэгнэх сэтгэл үүднэ. Уур хилэн нь амгалан жаргалангүй болж зовлон үүсэхийн уг шалтгаан болдог.

✍️ Хэдийгээр хүссэн зүйлд минь тотгор үүсэх, хүсээгүй зүйлтэйгээ таарсан ч засах арга байгаа бол сэтгэл зовох, тавгүйтэх хэрэг юу билээ, засах арга байхгүй бол түүнд зовоод юу туслах билээ. Сэтгэлийн зовлон л нэмэгдэх болно. Үлгэрлэвээс хоосон огторгуйд гоморхоод тус гарахгүйтэй адил.

✍️ Уурыг тэвчих, уучлах, хайрлах сэтгэл нь эв эеийг баттай байлгахын нэгэн үндэс юм. Эв эеийг хичээж муу сэтгэлийг тэвчицгээе.