“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ”

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Өглөөний мэнд хүргэе ⏰07 : 00 AM

✍ “Эрхэмсэг оршихуйг тэтгэхүй” аяны минь энэ долоо хоногийн сэдвүүд “МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХҮН”-ий эгэл даруу, эрхэм гоо дүр төрхийг бий болгоход, өдөр тутамдаа баримтлан, дадуулан сургаж ирсэн нандин сургаал эрхэм чанаруудын талаар цухас дурдах гэсэн билээ.
✍ Өөдлөх айлын гэргийн өнгө цэвэр, үйлдэл нягт, үйлэнд уран, үрдээ энэрэлтэй үлгэрлэм ажилсаг, гэр нь цэмцгэр, цэгц нямбай, ханийн заяа төвшин, халамж ухаарлын түшигтэй байж, хайр түгээж хамаг олонд тусыг хүргэж, худ ураг хадам бүлдээ элгэмсэг, олонд нэртэй, түмэнд дуутай хууртай, өтгөсийг тэтгэгч, насны хишигтэй нартын элч гэгээ нь болж, олны эв эе, аз хийморийн буяны даллагатай байх нь монгол эмэгтэйн хүний есөн шинж, эрхэм чанар байх тухай ихэд зааж зурж байжээ.

✍ МУСГЗ, Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат гуай “Эх дагины далд түүх” хэмээх бүтээлдээ вангийн харъяат албатын охин шивигчин бүсгүй Дондогдулам өнгө цэвэр, зан төвшин, үйл үйлс сайтай өссөн тул гарал дорд ч өндөр Богдын мэлмийн таалалд хүрсэн тухай ихэд таатай өгүүлсэн байна. Өнөө сүрэнд нь зөвийн бараа болохын тулд оюун билигээ цаг цагаар тэлсээр ИХ ДАГИНА болжээ. Өндөр хутагт нэгэнтээ “ЭРДЭМТ БҮСГҮЙ САНЖЭЭ” хэмээн шүүрс алдсан тухай VIII Богд хааны хатан Дондогдулам эх дагины намтар роман хэмээх хатны цадиг номонд зохиолч ихэд уран тансаг бичиглэсэн байдгийг уншаад төгс эмэгтэй хүний бас нэгэн дүрийг сэтгэлдээ зураглан байж билээ.

✍ Аавын минь ижий “БУУРАЙ ЭЭЖ” маань налайн жаргах наян гаруй насыг, ухаан сийрэг нилээд хол давж насалсан буянтан юмсан. Насан бага балчраас минь үргэлж л хажуудаа байлгаж, хараа муу болжээ ХҮҮХЭЭН зүү сүвлээд өг, гарын бяр муудаж утас нийтгээд өг, хуруу мойнийгоод эвлэж өгөхөө байж товх чангалаад өг хэмээн тусламж гуйна. Гүйгээд очихоор УХАС ГЭЭД, ЧИХ ЗӨӨЛӨН, ГАР НЬ ЭВЛЭГ, уран болох шинжтэй шүү. Үйлэнд муу авгай үйтэн хуар уйлуулж байхад, үйлэнд уран бүсгүй өнгийн даавуу инээлгэж сууна гэдэг юм, охин минь, сайн эмэгтэй хүн болох нь хэмээн магтан сайшааж “ОНГИРООЖ” хэрд таарсан зүйлийг минь хийлгэж байсан нь одоо бодоход олон зүйлийг их л багаас минь сургасан байдаг.

✍ Ингээд хажууд нь наалдан утас гогдож, нийтгэж, ээрч, зангидсан товхыг нь чангалж чадах ядахаараа хийхдээ хүүхэд л юм хойно уйдах янз ороход үлгэр ярьж, оньсого таалгаж “Нэгэн залхуу залуу бүсгүй айлын хүн болоод буудал сэлгээд нүүхэд нь хадам ээж нь миний охин ширдэгээ мартжээ” гэжээ. Хогоо цэвэрлэхгүй байсаар газартай ялгахааргүй болж гэж байхгүй юу гэж хүүрнээд, тийм ажилгүй бүсгүй хүн гэж байх уу даа гээд инээх нь босоод явахын аргагүй хүч өгдөгсөн. Ухаант настны энэ үг хичнээн их зүйлийг үглэн яншихгүйгээр зааж зурж өгч байсан нь эдүгээ энэ амьдралд минь баринтагласан судар мэт, үнэтэй ном айлдвар болж байна даа.

✍ Одоо цагт эмэгтэй хүн бүр заавал юм оёж сурах хэрэггүй, зан авираа засах гэхээсээ илүү өө би шулуухан, ууртай, ааштай хүн шүү, уран цэцэн үггүй л гэх байх, гэхдээ амьдрал баян тул тулсан цагт хөх зүү хөнлөн барьж наад захын хэрэглээний зүйлийг бөхлөөд янзлах эв дүй байх хэрэгтэй гэж боддог. Ээжүүд эмэгтэйчүүд маань хараал зүхэлтэй, муу муухай үгийг загнан, зандрах хэлбэрээр ихээр хэрэглэн үр хүүхэддээ үргэлж янших нь сайны тусгүй хэмээн санаж байна. Тиймээс үр хүүхдийнхээ дэргэд хэлэх үг, ярих яриа, хийх үйлээ цэгнэн учиг зангидан, үйл бүтээхэд үлгэрлэн дагуулах нь чухал юм.

✍ Иймийн тул бүсгүй та ээл, ааль тэгш эрхэм чанарт охин үрээ тэгшитгэн залаарай.

💗 ТА Ч БАС СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ ЮМ ШҮҮ.